ЭЧХН-аас өчигдөр мэдээлэл хийж, үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын бурууг “илчлэхээ” мэдэгдлээ. Эхний ээлжинд тэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт есөн зүйл бүхий асуулга тавьжээ. Н.Багабанди, П.Очирбат болон олон сайд ажиллах үедээ олон алдаа гаргасан гэж тэд үзэж буй аж. Тиймээс тэдэнд ч бас ийм асуулга тавих гэнэ.
Тэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас төрийн албанд 10 гаруй жил ажиллах үед нь болсон АТГ-ын дарга агсан Д.Дангаасүрэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч агсан С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг яагаад илрүүлж, шийдээгүйг асуужээ. Мөн Ерөнхийлөгч байхдаа 2008 оны долдугаар сарын 1-нд онц байдал зарлах шийдвэрийг эрх баригч намын хүсэлтээр гаргасан уу гэж асуусан байна.
Телевизэд өгсөн ярилцлагадаа Н.Энхбаяр төрийг 16 жил бодлогогүй удирдсан гэсэн аж. Үүний шалтгааныг ЭЧХН-ынхан мэдэхийг хүсчээ. Төрийн ордныг тойроод түүний мэдлийн барилга байдаг нь үнэн эсэх, гаднын тусламж, хандивын мөнгөөр байгуулсан “Зууны мэдээ”, Тv9 телевизийг өөрийн нэр дээр шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх үү, төр төвтэй тогтолцоо нам төвтэй болж гажуудсаны шалтгаан юу вэ гэх мэтээр лавласан байна.
Эдгээр асуултынх нь хариултыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өгөхийг тэд хүссэн юм.
С.УУЛ