Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан ХААН банкны гүйцэтгэх ерөнхий захирал Саймон Моррис тэргүүтэй удирдах албаны хүмүүстэй уулзаж, энэ сарын 14,15-нд болох “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” Үндэсний чуулганыг зохион байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Тус банкны гүйцэтгэх ерөнхий захирал Саймон Моррис “Шүүхийн тогтолцоог боловсронгуй болгох нь Монгол дахь бизнесийн орчинг сайжруулах, банкны зээлийн хүүг бууруулах, санхүүгийн тогтолцооны үр ашигтай байдал зэрэгт чухал ач холбогдолтой” хэмээгээд тус банкны зүгээс чуулганы зохион байгуулалтад Монголын банкны холбоо, арилжааны бусад банктай хамтран санхүүгийн салбарт тулгардаг хүндрэлүүд, тэдгээрийг хэрхэн арилгах талаар өөрсдийн саналыг илэрхийлж, чуулганд идэвхтэй оролцохоо мэдэгдсэн байна.