УИХ-ын дэд дарга, Монгол, Хятадын Парламентын бүлгийн дарга Г.Батхүү Монгол Улсад Хятад Улсаас суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолуныг өчигдөр хүлээн авч уулзав. Улс төрийн хувьд эрх тэгш байж, бие биеэ хүндэтгэсэн, итгэлцлийн зарчмыг баримтлан, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажиллахаа Ван Сяолун илэрхийлсэн юм.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү Элчин сайд Ван Сяолуныг Монгол Улсад тавтай морилохыг урьж, манай хоёр улсын олон талт сайн хөршийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд шийдсэн олон асуудлаас гадна, анхаарал хандуулах ажлууд цөөнгүй байна гэлээ. Тэрбээр “Эрх тэгш, харилцан ашигтай, бие биеэ хүндэтгэсэн, тогтвортой харилцааг хөгжүүлж, улс төрийн итгэлцлийг бататгах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын шинэ төвшинд гаргах, байгаль орчин, иргэдийн аж амьдралыг сайжруулахад дорвитой нөлөө үзүүлэх замаар харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол, Хятадын стратегийн түншлэлийн гол агуулга юм.
Төрийн дээд айлчлал, уулзалт, гэрээ хэлэлцээр, түүнчлэн Монгол, Хятадын Парламентын бүлэг хамгийн олон гишүүнтэй гэдгээс харахад ч, стратегийн түншлэл, харилцаа, хамтын ажиллагаандаа Монгол Улс өндөр ач холбогдол өгдөг. Хилийн боомтын асуудал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох, мах, махан бүтээгдэхүүн экспортлоход тавьсан хоригийг цуцлах зэрэг асуудалд анхаарал хандуулан ажиллахыг хүсье” гэв.