“Намын нэр авах өргөдлөө УДШ-д өгснөөс хойш ажлын 30 хоногийн дотор хариу өгөх ёстой ч бидэнд хариу ирүүлээгүй учир манай нам албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэллээ” хэмээн МАХН-ын удирдлагууд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Тэд хоёрдугаар сарын 15-нд өргөдлөө өгсөн бөгөөд ажлын 30 хоног уржигдрын 11.00 цагт дууссан гэнэ. Энэ талаар тус намын нарийн бичгийн дарга В.Удвал “Улсын дээд шүүх шударга байх ёстой.
МАХН гэсэн нэрийг бүртгэхээс татгалзах ямар нэгэн эрхзүйн шалтгаан байхгүй. Нэгэнт хуульд заасан хугацаа өнгөрсөн тул намынхаа үйл ажиллагааг эхлүүлэхээр боллоо. Монгол Улсад намуудын нэр хүнд унасан. Манай нам үүнийг сэргээхийн төлөө ажиллана.
Бид эхний ээлжинд аймаг, сум, багт салбар хороогоо байгуулж, улс төрийн намуудаас анх удаа Хүний эрхийн орон тооны бус зөвлөл байгуулж буй бөгөөд мэйл хаягаар эрх нь зөрчигдсөн иргэдийг бүртгэж байгаа аж.
Түүнчлэн ахмадын, залуучуудын, оюутны, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагатай болж, анхдугаар чуулга уулзалт зохиохоор болсон” гэв. МАХН-ын санхүүжилт нь бусад намаас өөр байх аж. Олон нийтээс хандив авч, иргэдийн өмнө хариуцлага хүлээж ажиллахаар намын журамдаа тусгахаар болжээ.
С.Заяа