АН-ын гишүүд иргэдээс сонссон дуулснаа нэгтгээд Бүлгийн санал боловсруулахаар болжээ. Улаанбаатарын утааг хэрхэн бууруулах, төвлөрлийг сааруулах зэргээр саналаа нэгтгээд УИХ-ын дарга, Засгийн газарт хүргүүлэх юм байна. Эрүүл мэндийн, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг тэд ярилцаад дэмжжээ. Тус намын зүгээс Сонгуулийн ерөнхий хуулийн төсөл санаачилж буй мэдээллийг сэтгүүлч тодруулав. Ч.Сайханбилэг “Ажлын хэсэг 56:20 гэсэн холимог хувилбар дээр санал нэгдсэн.
Гэвч санал хураалтыг хэрхэн явуулах талаар байр сууриа нэгтгээгүй байна. Завсарлагаанаар хуралдаад УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийг зохион байгуулдаг тусгай хууль санаачлах, эсвэл гацаад байгаа заалтаа орхиод бусдыг нь хэлэлцэх гэсэн хоёр хувилбар гаргасан.
Зохион байгуулах явцыг нэг хуулиар зохицуулдаг болгох саналыг Ажлын хэсэг эцэслээгүй байгаа. Сонгуулийн хуулийг одоогийн чуулганаар л батлахгүй бол хугацаагүй болно.
Тиймээс намууд улс төрийн шийдвэрээ яаралтай гаргах хэрэгтэй байна” гэлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийнхэн чуулганы завсарлагаанаар мөн хуралджээ.
Сүүлийн үед хүчтэй яриад байгаа УИХ-ыг хоёр танхимтай болгох, эсэх санал Үндсэн хуулийг тойрсон олон санааны нэг гэнэ. Үндсэн хуулийг өөрчлөх бол ард нийтийн саналыг сонсож, намууд зөвшилцөх шаардлагатай хэмээн тэрбээр онцлов.