УИХ-ын хаврын чуулганы эхний өдөр Төрийн ордонд хөл хөдөлгөөн ихтэй өнжлөө. Нэгдсэн хуралдааны нээлтэд УИХ-ын 72 гишүүн оролцож, Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд зочилсны гадна Төрийн ордонд улс төрийн амьдралын “гол дүр” морилон ирсэн нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр байв.
Тэрбээр Шадар сайд М.Энхболдын өрөөнд хагас цаг орчим саатаад ордныг даруй орхисон. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас лавлахад энэ уулзалтын талаар огт мэдэхгүй байлаа. Н.Энхбаяр, М.Энхболд нар албан бусаар уулзаж ярилцсан бололтой.
Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд ялснаар М.Энхболд түүний халааг авч, хашиж байсан МАХН-ын дарга, Ерөнхий сайдын албыг нь авч байлаа. Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр Төрийн ордны гуравдугаар давхарт албан өрөөтэй боловч огт ашигладаггүй юм байна.
Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр МАХН-ын XXVI их хуралд оролцохоор Төрийн ордны босгоор алхсанаас хойш “ховор” хүн үүгээр үзэгдсэн анхны тохиолдол нь өчигдрийнх болов.
Б.ЭНХЦЭЦЭГ