Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2005 онд Ерөнхий сайд байхдаа асар их ашигтай нэгэн нууц хэлэлцээр байгуулах ажлыг судлуулахаар Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбатыг Тайвань руу илгээжээ. Тэр нь Монголын нутагт цөмийн хаягдал булшлах тухай байсан гэж судлаач Д.Ганхуяг нэгэн хэвлэлд саяхан мэдээлэл өгчээ. Энэ талаар тухайн үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын удирдлага, гишүүдэд анхааруулж байсан гэж Д.Ганхуяг ярьсан гэнэ. Уг мэдээлэлтэй нэр холбогдсон УИХ-ын гишүүн О.Чулуунбатаас зарим зүйл тодрууллаа.
-Ерөнхий сайд асан Н.Энхбаярын “тусгай” даалгавраар Та 2005 онд Тайвань руу нэгэн нууц хэлэлцээр байгуулах ажлыг судлахаар явжээ. Тэр нь цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай байсан гэж ярьж байна. Энэ талаар тайлбар сонсохыг хүссэн юм?
-Улаанбаатар, Тайбэй (Тайванийн нийслэл) хотын хооронд бизнес-аяллын төв байгуулах яриа хэлэлцээр тогтоох оролдлого тухайн үед хийгдэж байсан. Цөмийн хаягдлын асуудлыг хоёр талын Засгийн газар яриад шийдчихдэг амархан зүйл биш. Олон улсын цөмийн энергийн байгууллагын хатуу хяналтын дор хийгддэг үйл ажиллагаа. Тэгэхээр намайг Н.Энхбаярын даалгавраар цөмийн хаягдлыг Монголд булшлах гэрээ хэлэлцээр байгуулах ажлыг судлахаар явсан гэдэг худлаа мэдээлэл байна.
Цөмийн хаягдлын талаар хувийн бодлоо хэлье. Хүмүүсийн яриад байдаг шиг аймаар зүйл биш шүү дээ. Асар их ашигтай бизнес. Америкт энэ бизнес сайн хөгжсөн. Хаягдлаас цөмийн түлш гарган авч, тодорхой хэсгийг нь Невадад булдаг. Цөмийн хаягдал чинь манай ДЦС-уудын гаргадаг үнс, утаанаас ч бага хортой гэдэг юм билээ. Би энэ талаар бага сага судалгаа хийсэн хүний хувьд ингэж хэлэх байна.
-Тэгэхээр Д.Ганхуяг гэдэг хүний тарааж байгаа мэдээллийг үгүйсгэж байгаа юм байна.
-Тийм зүйл болоогүй. Анх удаа л сонсож байна. Цөмийн хаягдал тийм ч хор хөнөөлтэй зүйл биш. Манайхан юм болгоныг муу муухайгаар нь харах юм. Улаанбаатарын утаа чинь цөмийн хаягдлаас илүү хортой шүү дээ.
-Мэдэхгүй зүйлээ манайхан буруугаар ярьж, ойлгодог тал бий. Цөмийн хаягдлын талаар мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд нь тодорхой, бодитой мэдээлэл өгдөггүй л дээ.
-Айгаад байх зүйл байхгүй. Улаанбаатарын утаа, ил жорлонгоос цөмийн хаягдал арав дахин бага хортой.
-Цөмийн хаягдлыг асар их ашигтай бизнес гэх юм билээ?
-Ашигтай гэдэг юм билээ. Ашиггүй байсан бол эдийн засгаараа дэлхийн тэргүүлдэг Америк энэ төрлийн бизнес хийхгүй биз дээ.
Го.ЭНХТӨР