Ерөнхий сайд С.Батболд Лондонгийн Хөрөнгийн биржийн ерөнхийлөгч Хавер Роле тэргүүтэй тус биржийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзлаа. 200 гаруй жилийн түүхтэй, зах зээлийн багтаамж, арилжааны хэмжээ, нэр хүндээрээ дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтах Лондонгийн Хөрөнгийн биржийн удирдлагуудтай хийсэн уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд Засгийн газар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгааг хэлээд, манай улсын хоёрдогч зах зээл болох хөрөнгийн зах зээлийг шинэчлэхэд ширүүхэн өрсөлдөөнөөс шалгарсан Лондонгийн Хөрөнгийн биржийн туршлага үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ноён Хавер Роле, Лондонгийн хөрөнгийн бирж дэргэдээ Академитай, үүгээрээ дамжуулан монгол иргэдийг сургах, Монголын Хөрөнгийн биржийн залуу боловсон хүчнийг бэлтгэхэд таны захисанчлан түлхүү анхаарна. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран Монголын Хөрөнгийн бирж өндөр хурдны платформд холбогдож, арилжаанд хямд өртгөөр, урт хугацаанд, үр ашигтай оролцон, хөрөнгийн захаас бодит өгөөж хүртэх боломж бүрдэнэ гэж хэллээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.