Хүлээх хариуцлага их, хэлэлцэх асуудал нь чухал хаврын чуулган хачин сайн ирцтэй эхэллээ. Баргийн УИХ халдаж зүрхлээд байдаггүй Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Эрүүл мэндийн хууль, даатгал гэх мэтээр ач холбогдол өндөртэй, хөгжлийн олон асуудлын үндсийн үндсийг тавих шийдвэрийг энэ хавар гаргах их хариуцлага Д.Дэмбэрэл дарга болон түүний цэргүүд, С.Батболд, Н.Алтанхуягийн кабинетад ногдож байна.
Энэ дундаас Үндсэн хуулийн өөрчлөлтийг онцлохыг хүслээ. Хоёр танхимтай Парламентын тогтолцоонд шилжих эсэх зохицуулалтыг хаврын чуулганаар шийдвэрлэж хараахан амжихгүй болов уу. Харин ирэх намрын чуулганаар УИХ-ын танхимын зохион байгуулалтыг өөрчлөх анхны алхам хийгдэх таамаг байна. Хаврын чуулганаар Үндсэн хуульд яг ямар өөрчл өлт оруулахаар байгааг танилцуулъя. 1999, 2000 онд дур мэдэн оруулсан өөрчлөлтийг ч залруулах ёстой гэж олон түмэн үзэж буй.
Үндсэн хуулийн 24, 29 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын 15 гишүүн санаачлаад байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар тэргүүтэй Ажлын хэсгийнхэн боловсруулсан саналаа ирэх тавдугаар сарын 1-ний дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал хэлбэрээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд танилцуулах үүрэгтэй юм. Ажлын хэсэгт төр, нийгэм, иргэн, олон нийтийн байгууллагын төл өөллийг хангасан 40 хүн ажиллаж буй.
Үндсэн хуулийн заалт:
Хорин нэгдүгээр зүйл:
2.УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаатай сонгоно.
Хорин дөрөвдүгээр зүйл:
1.УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно.
Хорин есдүгээр зүйл:
1. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар олгогдсон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.
Өөрчлөлт оруулах хувилбар:
Хорин нэгдүгээр зүйл:
2.УИХ-ыг Монгол Улсын сонгуулийн насны эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаатай сонгоно.
Хорин дөрөвдүгээр зүйл:
1. УИХ-ын дарга, дэд дарга, байнгын хорооны даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно.
Хорин есдүгээр зүйл:
1.Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно
Монгол Улсын Үндсэн хуульд доорх нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар хотыг Үндсэн хуулийн статустай, засаг захиргааны бие даасан нэгж болгох юм.
Тавин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “нийслэлд,” гэснийг “хотод,” гэж, Тавин долдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавин наймдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Жардугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран нэгдүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг, Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жаран гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “нийслэл” гэснийг “хот” гэж, Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг, Жаран хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “нийслэлийн” гэснийг “хотын” гэж тус тус өөрчилсүгэй.
Хоёрдугаар зүйл
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “хот,” гэснийг хассугай.
Го.ЭНХТӨР