Ийм гэрээнд өчигдөр АН, МАН, ИЗ-НН, Эх орон намын дарга нар гарын үсэг зурлаа. Иргэдийн саналыг авахын тулд өөр хоорондоо өрсөлдөн элдэв мөнгө амлаж, улмаар улсын төсвийг “хөлдөө чирдэг” хуучин туршлагаасаа намууд татгалзахаар шийдсэн аж. 2008 оны сонгуулиар МАХН иргэн бүрт эх орны хишиг болгож 1.5 сая, АН эрдэнийн хувь хэмээх нэг сая төгрөг амласан.
Тэгвэл бусад гуравдагч хүчний нам нь тэдний амлалтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа амласан. Хамтарсан Засгийн газар байгуулснаар 1.5 сая төгрөгөөс 500.000 төгрөгийг нь сар сардаа хуваан бэлнээр тарааж эхэлсэн. Энэхүү бэлэн мөнгө орлого багатай айлуудад нэмэр болж буй ч бүтээсэн зүйл үгүй, инфляцыг “улайлгаж”, бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж байгаа.
Тэгвэл төсвийн ачааллыг нэмдэг улс төрийн мөнгөн амлалтаас татгалзахаар АН, МАН санаачилга гаргав.
МАН-ын дарга С.Батболд, АН-ын дарга Н.Алтанхуяг нар ч “гэмээ ухаарсан” агуулгатай үг хэлсэн. Энэ талаар ИЗ-НН-ын дэд дарга С.Оюун “Мөнгө амладаг намууд нь өөрсдөө үүнээсээ татгалзахаар боллоо. Тиймээс 2012 оны сонгууль шударга болно гэж найдаж байна” гэв.