Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Монголын эрүүл мэндийн салбарыг С.Ламбаа, бодлогыг нь НББСШУБХ-ны дарга Д.Очирбат тодорхойлдог гэвэл хилсдэхгүй. Гэтэл мань хоёр амь нэг улс биш бололтой.
Эрүүл мэндийн тухай хуулийн төсөлд эмч, эмнэлгийн ажилтнуудыг хэл амаар доромжлох, эрх чөлөөнд нь халдах зэрэг тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт оруулж буй. Өмнө нь нэгэн эмч эмэгтэйг дуудлага өгч ирүүлээд хэсэг залуу бүлэглэн хүчирхийлсэн, өвчтөн эмчлэгч эмчийнхээ амь насыг хөнөөсөн гэх мэт жигшүүрт хэрэг гарч байжээ.
Энэ бүхэнд УИХ-ын эмч гишүүн Д.Очирбат ихэд эмзэглэж явдаг юм билээ. Тэгээд Эрүүл мэндийн тухай хуульд эмч, эмнэлгийн ажилтнуудад халдсан тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэх заалтыг төсөлд “санаатайгаар” оруулахыг хүссэн ч олонх нь дэмжээгүй аж. Чуулганаар хэлэлцэхэд ч амжилт олоогүй нь ЭМ-ийн сайд С.Ламбаагаас болсон гэж Д.Очирбат гоморхож байгаа юм.
Сайд төслийн энэ заалтыг тууштай эсэргүүцэж байна лээ. Пүрэв гаригт төслийг хэлэлцсэн юм. Чуулган завсарласны дараа сайд яамныхаа хүмүүстэй дээрх заалтын талаар ярьж зогсов. Өмнө нь Байнгын хороон дээр унагасан юм чинь дараагийн хэлэлцүүлгээр ч унах нь тодорхой гэв. Харин Д.Очирбат Эрүүл мэндийн сайд байж С.Ламбаа сэтгэлгүй.
Энэ заалтыг заавал гуравны хоёрын саналаар босгоно доо гэж ярихыг сонсов. Монголчууд төрийн цагдаагийн эрх чөлөөнд халдвал илүү хүнд хариуцлага хүлээдэг гэсэн ойлголттой байдаг. Харин хуульд тийм юм байдаггүй гэсэн. НББСШУБХ-ны даргын хувьд Эрүүл мэндийн хуульд дээрх заалтыг оруулчихвал монголчууд эмч нарт халдаж болдогг үй юм байна гэсэн сэтгэхүйтэй болно.
Тийм л зорилгоор санал оруулж байгаа гэсэн юм. Эрүүл мэндийг нь хамгаалах гэж очсон эмчийг хүчирхийлдэг, амь насыг бүрэлгэж орхидог цөвүүн энэ цагт Д.Очирбатын санаа зөв л юм билээ.