УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй Монголын Парламентын төлөөлөгчид энэ сарын 13-20-нд Бүгд Найрамдах Панам Улсын Панама хотноо зохиогдох Олон улсын Парламентын холбооны 124 дүгээр чуулганд оролцохоор өчигдөр мордлоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Ц.Цэнгэл нар багтжээ.
Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж тус чуулганы хүрээнд зохиогдох Парламентуудын ерөнхий нарийн бичгийн дарга нарын холбооны хуралдаанд оролцох юм байна. Спикерүүд “Парламентын хариуцлага: хүмүүсийн итгэл найдварыг биелүүлэхийн төлөө” сэдвийн дор болох чуулганы хүрээнд дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын талаар ерөнхий хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Холбооны Байнгын хороодын хуралдаанаар “Сонгуулийн үеэр гарч болзошгүй зөрчил, мөрг өлдөөнөөс урьдчилан сэргийлэх ба Засгийн газрын эрхийг тайван замаар шилжүүлэх үйл явцыг хангах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь”, “Байгалийн нөөц, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон хүн амын өсөлтийн өөрчлөлтийн зохистой менежментээр тогтвортой хөгжлийг хангахад парламентуудын гүйцэтгэх үүрэг”, “Улс төрийн намуудын болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг нээлттэй, хариуцлагатай болгох нь” сэдэвт илтгэл хэлэлцэж, тогтоол батлах аж.
Панам нь Латин Америкт оршдог. Хүн ам, хөгжлийн хувьд манайхтай ойролцоо төвшний улс аж. Хоёр улсын хооронд дипломат харилцаа байхгүй бөгөөд саяхан УИХ-ын гишүүн Ч.Улаан, Р.Гончигдорж, Б.БатЭрдэнэ, Ц.Сэдванчиг, Х.Жекей нар тус улсын төсвийн бодлого, төрийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаатай нь танилцаад иржээ. Тэдний айлчлалын үеэр дипломат харилцаа тогтоох асуудлаар санал солилцсон юм байна. Энэ яриаг УИХ-ын дарга ч үргэлжлүүлэх сурагтай.
Э.ТӨР