Тавантолгойн орд тойрсон асуудалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр санаа тавилаа. Уг ордыг ашиглах талаар УИХ-аас 2010 оны долдугаар сард гаргасан 39 дүгээр тогтоол, ҮАБЗ-ийн шийдвэрийн хэрэгжилтийг тэрбээр Засгийн газар, ТӨХ, “Эрдэнэс МГЛ” компанийн удирдлагаас лавлаж танилцав. УИХ-ын гишүүд, төрийн бус байгууллагын төлөөлөл ч байлцсан.
УИХ-ын тогтоолд зааснаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиглалтын лицензийг хуваалгүйгээр “Эрдэнэс МГЛ”-д шилж үүлэх заалтыг Засгийн газар зөрчсөн хэмээн гишүүд, Ерөнхий сайд асан Д.Содном нар шүүмжилсэн юм. Төрийн бус байгууллагынхан ч үүнд анхаарлаа хандууллаа. Тавантолгойн орд нийт 71.000 га талбайтай, 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүний 68.000 га талбайд “Эрдэнэс МГЛ” таван лиценз эзэмшиж буй юм. Үлдсэн хэсэг нь “Дайцүке” болон орон нутгийн “Тавантолгой” гэдэг жижиг компанийн мэдлийн гурван лицензэд хамаардаг аж.
Тавантолгойн ордоос Монгол Улсын иргэн бүр 536 ширхэг хувьцаа эзэмшихээр болсон. Яагаад 600, 1000 биш 536 гэсэн бутархай тооны хувьцаа олгох гээд буйг Ерөнхийлөгч лавлав. Хувьцаа олгох үйл явцыг дөрөвдүгээр сарын 1-нээр тасалж, үүнээс хойш төрсөн хүүхдүүдийг “ялгасны” учрыг ч асуулаа. ТӨХ-ны дарга Д.Сугар, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг нар хамтарч байгаад “Зургадугаар сарын 30- наас хойш байгуулагдсан аж ахуйн нэгжид хувьцаа олгохгүй гэж УИХ-ын тогтоолд заасан ч иргэдийн тухайд ийм хязгаар тогтоогоогүй. Тиймээс бид ярилцаж байгаад гуравдугаар сарын 31 гэж тогтоосон. Тэр үед хүн амын тоо 2.798.507 байсан.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа 15 тэрбум учир үүний 10 хувийг хүн амын тоонд хуваахад нэг иргэнд 536 хувьцаа ногдсон” гэж хариуллаа. Нэг хүнд 1000 хувьцаа өгч болох ч тэр хэрээр үнэ нь хямдрах аж. Иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн энгийн 536, мөн давуу эрхийн нэг хувьцаа эзэмшинэ. Хуулийн дагуу энгийн хувьцаа олгоход хугацааны хязгаар тогтоох хэрэгтэй болсон гэнэ. Харин давуу эрхийн хувьцааг шинээр төрсөн хүүхдүүд ялгаагүй авна.
Иргэдэд олгох 10 хувийн хувьцааг дээрх 68.000 га талбайгаас хуваах юм байна. Үүнийг тайлбарлах гэж “Эрдэнэс МГЛ” компанийн ерөнхий захирал Б.Энэбиш нэлээд будилав. Тэрбээр Н.Алтанхуягт ч зэмлүүлж, Ерөнхийлөгчөөс “товч, тодорхой ярь” гэсэн сануулга авна лээ. Тэргүүн Шадар сайд бүх ажил УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн шийдвэрийн хүрээнд өрнөж байгааг учирласан.
Ц.Элбэгдорж: Тавантолгойн ордоос 25 доллараар нүүрс олборлоод цааш нь 120 доллараар зарах наймаа газар авч байна. Бүх зүйл ил тод өрнөх биржийг хэзээ байгуулах вэ? Улам л муу хэлбэр рүү яваад байгаа юм биш үү. Ч.Хүрэлбаатар (ЗГХЭГын дарга): Нүүрс замбараагүй зарж байгаатай санал нэгдэнэ. “ТТ брэнд” гаргаж, нүүрсний нэгдсэн бодлоготой болох талаар Засгийн газар ажиллаж байгаа. Н.Алтанхуяг (Тэргүүн Шадар сайд): Төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” нүүрс зарж эхлээгүй. Хөрсөө хуулж байна. Орон нутгийн өмчийн Тавантолгой, “Энержи ресурс” нүүрс зарж байгаа. Б.Энэбиш: Өнгөрсөн оны наймдугаар сарын 27-нд уурхайн үйл ажиллагаа эхэлсэн.
Одоо хөрсийг IV давхарга хүртэл нь хуулж, нүүрс олборлоход бэлэн болж байна. Энэ онд нэг сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Ц.Элбэгдорж: “Эрдэнэс МГЛ” 2010 онд 12 тэрбум төгрөг төсөвт оруулах ёстой байсан. Та нар 22 сая доллар банкнаас зээлээд үүнээсээ Сангийн яаманд 12 тэрбум төгрөг өгсөн байна лээ. Ийм байдлаар орлого олохгүй байж болж байна уу. Энэ онд танайх Хүний хөгжил санд 310 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой, чадах юм уу?
Б.Энэбиш: 2010 онд хөрсөө хуулж л амжсан. Тиймээс банкнаас зээл авч, урьдчилгаа төлбөр 12 тэрбум төгрөгийг Сангийн яаманд шилжүүлсэн.Төрийн IPO гаргах гэх мэт мөнгө босгох хувилбаруудыг судалж байна. Төсөвт мөнгө төвлөрүүлэх үүргээ биелүүлнэ. Тэрбээр “Тавантолгойн ордын сайн судалсан талбайг зүүн, баруун гэж ангилсан. Зүүн хэсэгт манай компани ажиллаж эхэлсэн. Эндээс төр 100 хувь ашгаа хүртэнэ. Баруун хэсэгт гаднын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж байгаа. Хөрөнгө оруулагчидтэй тохирсноор төр хувь эзэмшинэ” гэж хэлээд үүнээсээ болж ороогдов.
Тэргүүн Шадар сайд сандарч, шүүмжилсэн хүмүүст тогтоолын хэсгээс уншиж өглөө. Тодорхой нөхцөл хангасан гаднын хөрөнгө оруулагчидтай хамтарч олборлолт хийж болох тухай ярихдаа л Б.Энэбиш буруу тайлбарласан болж таарлаа. “Засгийн газар ийм л ойлголттой байгаа” хэмээн Н.Алтанхуяг хэлэхэд З.Энхболд нар “Ажил хийж байгаа хүн чинь өөр юм яриад байна” гэлээ. Ерөнхийлөгч ч Б.Энэбишийг зэмлэж, ажлаа хийж чадахгүй бол чаддаг хүнд нь өг гэв. “Хувьцаа хуваагдашгүй. Буруу ойлгуулсан бол уучлаарай” хэмээн нөгөөх нь гэмээ хүлээнэ лээ.
Гаднынханд “өгөөд” байгаа хэсэгт ажиллахаар 15 компани саналаа ирүүлснээс зургаа нь тунаж үлдээд буй юм байна. Засгийн газрын Ажлын хэсэг тэдэнтэй нэг бүрчлэн хэлэлцээ хийж буй аж. Ерөнхийлөгчийн анхаарсан бас нэг зүйл нь цахилгааны эх үүсвэр. V цахилгаан станц барих ажил юу болсон, том бүтээн байгуулалт гээд шагшаад байгаа Оюутолгойд дизель ашиглаж байна гэлээ. Тэрбээр “Дизель шахах гэсэн хэдэн хүний эрх ашгийг хамгаалаад цахилгаан станц барих ажлыг удаашруулаад байгаа юм биш үү” хэмээн хардав.
ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван “Цахилгаан станц барихаар Улиастайн аманд газар сонгосон. Гэтэл тэр нь газар хөдлөлтийн идэвхтэй бүс, хагаралтай болохыг тогтоосон. Тиймээс газраа солих шаардлагатай болсон. Улаанбаатар хотод газар авахаар хүсэлт гаргасан ч ойр орчинд өгөх газаргүй болсон байна. Уг станцын ТЭЗҮ-ийг Азийн хөгжлийн банк хөрөнгөөрөө хийж байгаа. Тэд газар олдохг үй байгаа бол III цахилгаан станцыг сайжруулах замаар шинэ эх үүсвэр барих санал тавьсан” гэлээ. Энэ санаагаа ажил хэрэг болго, дэмий цаг үрэх хэрэгг үй хэмээн Төрийн тэргүүн шавдуулсан ч Азийн хөгжлийн банк эхлээд тайлангаа өгнө, урьдчилсан ТЭЗҮ-г Засгийн газрын хуралд оруулна, улмаар тендер зарлана гэх мэт гахайнаас хялгас гуйдаг үлгэрэрхүү тайлбар сонсов.
Наадмын өмнө гэхэд энэ бүхэн нь дуусаж, шинэ станцын шавыг тавих ёстой шүү хэмээн Ерөнхийлөгч тулгаж, дэд сайд ч “Тэгэх ёстой л доо” гэлээ. Өөр нэг асуудал бол ус. Тавантолгойн ордыг ашиглахад гүний усны одоогийн нөөц хүрэлцэхгүй аж. Тиймээс нэн яаралтай усны хайгуул, судалгаа хийх хэрэгтэй байгаа гэнэ. Ерөнхийлөгчөөс зэмлэл хүртсэн танилцуулах уулзалт дуусахад тэрбээр цахилгааны эх үүсвэрээ яаралтай барьж, жижиг эрх ашиг “шургуулахг үй”-гээр ажлаа УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу амжуулахыг санууллаа.
С.ТУУЛ