Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)- ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ноэлин Хэйзерийг өчигдөр хүлээн авч уулзан НҮБ, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ази, Номхон далайн тогтвортой хөгжлийг хангах үүднээс эл бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулах, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах талаар стратегийн зөв дүн шинжилгээ, бодлогын ухаалаг сонголт хийхэд нь гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэхэд онцгойлон анхаарч ирсэнд нь хатагтай Хэйзерт талархал илэрхийллээ.
2011 онд Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол Улсын НҮБ дахь байр суурь тогтвортой өсөн нэмэгдэж байгааг хатагтай Хэйзер онцлон хэлээд Монгол Улсыг энэ бүс нутгийн чадалтай гишүүн гэж үздгээ болон манай Засгийн газартай далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд идэвхтэй хамтран ажилладгаа илэрхийлсэн юм.
Хатагтай Хэйзерийн удирдлага дор БНСУ-ын Инчон хотноо Зүүн, Зүүн хойд Азийн бүс нутгийн салбар төв байгуулагдсан нь манай улсын хувьд хүрээлэн буй орчин, ногоон өсөлт, эрчим хүч, тээвэр, худалдааг хөнгөвчлөх, дэд бүтэц, мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэх, гамшгийг бууруулах, хүнсний аюулгүй байдал зэрэг салбар чиглэлүүдээр Комиссын техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр, төсөл, техникийн туслалцааг илүү хүртээмжтэй болгоход дөхөмтэй нөхцөл бүрджээ.
Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан манай орны нийгэм, эдийн засгийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж хатагтай Ноэлин Хейзэрийг “Алтан гадас” одонгоор шагнав.