АН-ын 21 аймаг дахь Хэрэг эрхлэх газрын ажилтнуудын төлөөлөл оролцсон “Аймгийн намын удирдах ажилтны зөвлөлгөөн” өчигдөр болов. Зөвлөлгөөнд 60 гаруй төлөөлөгч оролцож, “Монгол хүн-2020” хөтөлбөртэй холбоотой санал, бодлоо ярилцсан байна.
АН иргэдэд эдийн засгийн эрх чөлөөг олгох зорилготой уг хөтөлбөрөө засаг захиргааны хамгийн бага нэгжээс, анхан шатнаас, хувь хүнээс гарсан санал санаачилга дээр тулгуурлаж хэрэгжүүлэхээр хэлэлцүүлэг өрнүүлж буй юм. Тиймээс орон нутгийн удирдах ажилтнуудын оролцоо үүнд их хэмээн АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат онцолжээ.
Хөтөлбөрийн хэлэлцүүлгийг одоогийн байдлаар зургаан аймагт зохион байгуулсан байна. Аймаг, сум бүр тулгамдсан асуудлаа шийдэх хөтөлбөр боловсруулах аж. Зөвлөлгөөн гурван өдөр үргэлжилнэ. Орон нутгийн төлөөлөгчид өнөөдөр АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын АН-ын бүлгийн гишүүд, Засгийн газрын гишүүдтэй уулзах юм билээ.
С.УУЛ