НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ноэлин Хэйзер манай оронд айлчилж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд Сангийн дэд сайд Ч.Ганхуягтай уулзлаа. Хоёр тал Монгол улс, НҮБ-ын Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал бодлоо солилцов.
Өнгөрсөн хугацаанд НҮБ ялангуяа АЗНДЭЗНК-ын шугамаар манай улсад олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэнд Сангийн дэд сайд талархалаа илэрхийлэхийн хамт тус комиссын дэмжлэг, оролцоотойгоор худалдааны бодлогыг нотолгоонд суурилан боловсруулах, Улаанбаатар хотноо далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулахад техникийн туслалцаа үзүүлэх, ашигт малтмалын салбарыг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх зэрэг олон ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаад Сангийн дэд сайд сэтгэл хангалуун байдгаа энэ үеэр онцоллоо.
Хатагтай Ноэлин Хэйзер Монгол улсаас АНДЭЗНК-ийн гишүүн орон болоод 50 жил өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд олон тогтоол, санал санаачлага гарган Комиссын чуулганаар хэлэлцүүлж батлуулж байсанд мөн талархалаа илэрхийлээд цаашид монгол улсыг олон чиглэлээр дэмжиж ажиллах, тухайлбал эхний ээлжинд Төв азид хэрэгжих мэдээлэл, харилцаа холбооны технологийн талаар сургагч багш нарын сургалтад Монгол улсыг хамруулах талаар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.