Монгол Улсад мэдээлэл, холбооны өндөр технологийн инноваци байгуулах зорилгоор Дэлхийн технологийн паркийн холбоо, ЮНЕСКО-той хамтран зохион байгуулж буй хурал өнөөдөр өндөрлөнө. “Монгол Улсад Мэдээлэл, холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулах хамтын оролцоо” уулзалт, семинарыг дөрвөн өдрийн турш зохион байгууллаа.
Дээрх байгууллагуудын төлөөлөгчид хуралд оролцохоос гадна төрийн болон хувийн байгууллагууд, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны уялдааг хангах, олон улсын туршлага хуваалцах зорилгоор ирсэн юм. Дэлхийн технологийн паркийн холбоо ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, технологийн паркуудын тогтвортой хөгжлийг дэмжих үндсэн зорилготой олон улсын нэр хүндтэй байгууллага бөгөөд 1998 онд БНСУ-ын Тэжон хотод байгуулагджээ. Одоогоор 39 орны 77 гишүүнтэй болоод буй тус холбоонд манай улс 2010 онд албан ёсоор гишүүнээр элссэн байна.
У.ТЭНҮҮН