МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хуралдаж, намынхаа бодлогын хороодын дарга нарыг томилжээ. Улс төрийн бодлогын хорооны даргаар А.Цанжид, Хууль зүйн бодлогын хорооны даргаар Очбадрах, Нийгмийн бодлогын хорооны даргаар С.Чинзориг, Байгаль орчны бодлогын хорооны даргаар БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан, Хүүхэд, залуучууд, гэр бүлийн бодлогын хорооны даргаар Н.Болормааг баталсан байна.
Өмнө нь МАН бодлогын нэг хороотой байсан бол энэ удаа таван салбар хороотой болж өргөжүүлжээ. Удирдах зөвлөл түүнчлэн МАН-ын бага хурлыг ирэх тавдугаар сарын эхээр зарлан хуралдуулахаар товлосон байна. Бага хурлаар Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх сурагтай.
Б.ЭНХЦЭЦЭГ