ЭНЭШТ нярайд зориулсан мэс заслын өрөөтэй болов. Тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нарын санаачилгыг УИХ, Эрүүл мэндийн яамнаас дэмжиж “Нярайн мэс заслыг хөгжүүлэх төсөл” хэрэгж үүлжээ. 350 сая төгрөгийн санхүүжилттэй төслийн хүрээнд хүүхдийн мэс заслын гурван өрөөг иж бүрэн засаж, нэгийг нь 0-28 хоногтой нярайд зориулсан нь энэ. Үүнээс гадна мэс засалд шаардлагатай ор, хагалгааны багаж хэрэгсэл, нярайг хянах амьсгалын монитор зэрэг орчин үеийн багаж хэрэгслээр бүрэн хангасан байна.
2010 онд эхэлсэн энэ төсөл дуусаж, хэрэгжүүлэгчид нь өчигдөр эмч, ажилчдад тайлангаа тавилаа. “Сүүлийн таван жилд гаж хөгжилтэй хүүхэд төрөх нь эрс ихсэж, нярайд хийх хагалгаа ч нэмэгдсэн. Өмнө нь бид 0-18 насны хүүхдийн мэс заслын тасагт нярайн хагалгаа хийдэг байсан бол одоо тусгай тоноглол бүхий зориулалтын өрөөнд хийх боломж бүрдлээ” гэж тус тасгийн эрхлэгч А.Цэнджав ярив.