УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар таван асуудал хэлэлцсэн байна. Үндэсний аюулгүй байдлыг хангаж стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл шинээр хэлэлцэж эхэлсэн аж. Ямар чиглэлд гадаадын хөрөнгийн оролцоо хэдэн хувь байхыг уг хуулиар зохицуулах гэнэ. АН-ын гишүүд “стратеги” нэрийн дор хавтгайрсан үйл ажиллагаа болох вий хэмээн болгоомжилсон байна.
Төсөлд 19 чиглэлээр гаднын хөрөнгө оруулагчийн хувь хэмжээг заасан аж. АН-ынхан хэдэн чиглэлийг л сонгож, энэ талаар ярих нь зүйтэй гэсэн юм байна. Энэ төслөөр АН-ын бүлгээс Ажлын хэсэг байгуулжээ. Мөн хэлэлцэхийг нь дэмжив. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянахаар байгуулсан З.Энхболдын ахалсан Ажлын хэсгийн мэдээллийг бас сонсчээ.
Ирэх долоо хоногоос АН дүгнэлтээ гаргах нь. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс тус Бүлэг завсарлага авсан. Энэ нь хэзээ дуусахыг сэтгүүлч асуухад АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг “Хуулийг батлаагүй байхад зарим дүүрэгт бүтцийн өөрчлөлт хийсэн байсан. Нийслэлийн Засаг дарга үүнийгээ засах ёстой. Түүнээс МАН-ын зарим гишүүний хэвлэлд ярьсан шиг бид сандал, ширээ хөөцөлдөөгүй. Хуулийг дээдлэх ёстой гэдгийг сануулж завсарлага авсан. Өнөөдөр бид Ерөнхий сайдад энэ асуудлаар албан тоот хүргүүлнэ” гэлээ.
-Сонгуулийн хуулийн төслийн хэлэлцүүлэг юу болж байна вэ. Уг хуульд өөрчлөлт оруулах хуулийн хугацаа хумигдсаар байгаа, амжих уу?
-Ажлын хэсэг нь өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Зарчмын зөрүүтэй 197 санал байгаа. Эдгээрийг хэлэлцэж шийдэхэд хугацаа хэрэгтэй.
-Зохион байгуулалттай холбоотой заалтуудаа хэлэлцээд явъя, зөрчилтэй байгаагаа явцдаа шийдье гэсэн санал МАН-ын бүлгээс гаргасан. Үүнийг танай бүлэг юу гэж үзэж байна вэ?
-Бид УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийг тусгай нэг хуулиар зохион байгуулах саналтай байгаа. Сонгууль зохион байгуулж, санал тоолох, хянах зэргийг зохицуулах юм. Ажлын хэсгээр эхлээд үүнийг шийднэ.
С.ТУУЛ