УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлыг хангаж стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийг Д.Ганхуяг, С.Бямбацогт, Ө.Энхтүвшин нарын зургаан гишүүн өргөн барьсан байна. Бүлгийн зүгээс хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд гурван гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулжээ. Зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж МАНынхан үзсэн аж. Хүнсний аюулгүй байдал, батлан хамгаалах, нисэх хүчин, мэдээлэл технологи, хэвлэл мэдээллийн зэрэг салбарт гадаад хөрөнгө оруулах бол зөвшөөрөл авах хэрэгтэй гэж тэд үзжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дэд ахлагч Д.Дондогоос зарим зүйл тодрууллаа.
-Одоо бол лиценз зөвшөөрлийг ямар ч хяналтгүй худалдаж байна. Ямар салбарыг уг хуульд хамруулах талаар дахин ярина. Одоогоор төсөлд төлөвлөсөн 19 чиглэл байгаа. Үүнтэй адил хуулийг 2007 онд ОХУ-д, ХБНГУ-д гаргасан юм билээ. Мөн Австрали, Европын орнуудад баталсан байдаг. АНУ-д энэ хуулиар агаарын нисэх хүчний салбарт гаднын хөрөнгө оруулалт хийхгүй гэж хориглосон. Их ач холбогдолтой хууль.
-Сонгуулийн тухай хуулийг хэзээ хэлэлцэх вэ?
-Манай бүлгийн өмнөх байр суурь хэвээр байгаа. Сонгуулийн хуулийн Ажлын хэсгийнхний ажлын явцыг өнгөрсөн долоо хоногт сонссон. Энэ долоо хоногоос Байнгын хороогоор зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэнэ.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд ямар дүн тавьсан бэ?
-Бүлгийн дүгнэлт бэлэн болсон. Чуулганаар асуудлыг хэлэлцэх үед танилцуулна.