-Бүлэг этгээд гэж хэсэг хүнийг та нэрлэж байв. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх авахыг санаархаж байна гэж жилийн өмнөөс тэднийг та хардаж эхэлсэн. Хамгаалалт болгож хуулийн хэд хэдэн төсөл санаачилсан. Гэтэл одоо үүсээд буй нөхцөл байдал таны болгоомжлолыг нотлоод эхэллээ. “Н.Энхбаярын үгнээс цус үнэртэж байна” гэдэг сэрдхиймээр гарчигтай нийтлэлийг Та бичихгүй байж чадаагүй юу?
-Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн хандлагыг би жил гаруйн өмнөөс мэдэрч эхэлсэн. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албан тушаалыг завсаргүй хашиж байгаад сонгуульд Ц.Элбэгдоржид Н.Энхбаяр ялагдсан. Түүний дараачаас байдал бишдэж эхэлсэн. Энэ хүн ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгийг улс төрийнх нь туршлагаас би мэдэх юм. Эрх мэдлээ алдахгүйн тулд ямар ч үнээр хамаагүй увайгүй тэмцэл өрнүүлнэ гэдгийг нь гадарлаж байв. Монголын улс төрд хамгийн ёс зүйгүй тоглолт хийдэг хүн шүү дээ. Би ингэж л бодож байсан. Гэтэл тэр маань одоо батлагдаж эхэллээ. Жилийн өмнөөс ҮШН хувьсгал хийх тухай ярьж эхэлснийг бас анхаарах ёстой. Улс төрийн шинэчлэл хийх нэрээр төрийн эргэлт хийх үзэл санааг гаргаж тавьсан. ҮШН гэдэг бол М.Энхсайхан. Ингээд Н.Энхбаяр, М.Энхсайхан нар хоёр талаасаа нийлэх юм байна гэдгийг гадарлаж байсан. Би энэ тухай, энэ хоёр хүн нийгмийг хүчирхийлэл рүү турхирна гэж болгоомжлуулсан нийтлэл ч бичсэн. Намайг тэр үед сануулж, бичиж байхад олон хүн Бат-Үүл сүржигнэж байна гэдэг байсан. Одоо харин, энэ чинь юу болоод байна вэ гэж олон хүн эргэц үүлж бодох болсон.
-Н.Энхбаяр ийм алхам хийж магадгүй гэсэн бодол танд төрж байжээ. Энэ бодлын сэжүүр нь юу байсан юм бэ?
-Н.Энхбаяр эрх мэдэл, албан тушаалгүйгээр амьдрах чадваргүй хүн.Өөрөө хэвлэлд өгсөн ярилцлагадаа ч энэ санаагаа хэлсэн байна лээ. Түүнийг тийм хүн гэдгийг мэддэг учраас л болгоомжлох хэрэгтэй юм байна гэсэн бодол надад шууд төрсөн. ҮШН-ын үзэл баримтлалыг уншсан нь надад төрсөн бодлыг бататгахад нөлөөлсөн.
-Н.Энхбаяр, М.Энхсайхан нар бол лидер мөн. 2007 оны Ерөнхийл өгчийн сонгуулиар нэг нэгнийгээ цээрлүүлэхийн наагуур юм болж өрсөлдсөн. Одоо энэ хоёр хүн нэгдэж чадлаа. Олон хүн ингэнэ чинээ төсөөлөөгүй. Та ч таамаглаагүй байх. Эсрэг, тэсрэг туйл нэг цэг дээр ирсэн нь маш том сонирхлын нэгдэл байгааг харуулж байна уу?
-Тантай санал нэг байна. Би ингэнэ чинээ гэж үнэхээр төсөөлөөгүй. Авлигын загалмайлсан эцэг нь Энхбаяр гэж Энхсайхан зарлаж, сонгуулийн сурталчилгаандаа тийм хүмүүсийг цээрлүүлнэ гэж явсан хүн шүү дээ. 2007 онд би Энхсайхантайгаа сурталчилгаанд нь хамт явж л байсан. Тэгэхэд энэ хоёрыг нийлж, нэгдэнэ гэж надад хэн нэг үзмэрч хэлсэн бол галзуу хүн л гэх байсан, тэр хүнийг. Гэтэл өнөөдөр тэр хоёр нийллээ. Нэгтгэж буй улс төрийн зорилго нь ойлгомжтой. Маш их баялагтай Монголын улс төрийн эрх мэдлийг авахыг маш их хүссэн байна. Ийм л сонирхол бий. Тэр сонирхлын гадна байх нь энэ хоёрт маш хүнд санагдаж байгаа юм байна. Энэ сонирхлыг цааш нь задалж харах хэрэгтэй. Энхбаяр нь маш их хувийн сонирхолтой. Энхсайханы хувьд өнгөрсөн 20 жилийн нийгмийн үйл явцад ихээхэн дүн шинжилгээ хийсэн бололтой. Эмх замбараагүй ардчилал, үр ашиггүй байдлыг нэлээд жигшсэн нь харагдаад байгаа юм. Мань эр ийм дүгнэлтэд хүрсэн байж мэднэ.
-Ном ёсны ардчиллыг хүссэн гэсэн үг үү?
-Үгүй. Дарангуйлал тогтоож, улс орныг эмх цэгцэнд нь оруулна гэсэн итгэл үнэмшилтэй болсон нь анзаарагдаад байгаа юм.
-Ард түмний их хуралдайг Н.Энхбаяр зохион байгуулсан гэж байна. Парламентыг тарахыг шаардлаа. Африкийн орнуудын жишээгээр харвал зорилгоо биел үүлчих магадлал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм болчимгүй зүйлийн төлөөх тэдний нэгдэл задрал болон хувирахыг ч бас үгүйсгэхгүй шүү дээ?
-Задрал явагдана. Улс төрд зарчим гэж байдаггүй. Сонирхол л байдаг гэсэн үзлээр энэ хоёр хүн яваад байна. Ашиг сонирхол хэзээ нэгэн цагт заавал мөргөлддөг. Тэд зорьсондоо хүрсэн цагт Монголд ардчиллал устана. Дарангуйлал тогтоно. Тийм эрх мэдэлд хүрсний дараа ашиг сонирхлын зөрчил үүснэ. Гарцаагүй тийм байдалд хүрнэ. Тэр үед Энхбаяр нь Энхсайханыгаа устгасугай гэж ч мэднэ. Энхсайхан нь нөгөөхөө ард түмний шүүхээр яллана гэж байхыг үгүйсгэхгүй. Иймэрхүү улстөрчдийн заяа төөрөг нь тийм л байдаг.
-Хараад байхад дарангуйллын эсрэг Бат-Үүлээс өөр тэмцэж байгаа хүн байхгүй байна. Та хуулийн хамгаалалт бий болгохыг хүссэн. Гэтэл төр засаг, ардчиллын төлөөх хүчнүүд хаана байна вэ?
-Яг үнэндээ би ганцаараа л дуугараад байна. Бусад хүмүүс үл тоох байдалтай. Амин хувийнхаа сонирхлын төлөө л явж байна. Гэтэл энэ нийгэмд маань аюултай байдал бий болчихлоо. Нийгмийн үзэл санааны төвшинд асар том хувирал гарч ирлээ. Большевик үзэл санааг газар авахуулахыг хичээж байна. Тэд хэзээ ч ардчилсан сонгуулиар төрийн эрх мэдлийг авдаггүй юм. Төрийн эрх мэдлийг хүчээр авахыг хүсдэг. Большевикууд нийгмийг баян, ядуугаар нь хуваадаг. Улс төрийн эрх мэдэлд хүрэхийн тулд нийгмийн ялгааг ашигладаг. Эрх мэдэлд хүрэхийн тулд ядуучуудыг ашиглачихаад гарсан хойноо тэднийгээ сүйтгэдэг. Сүүлийн үеийн байдлыг ажиглахад гайгүй чинээлэг хэсгээ үзэн ядах үзэл газар авч байна. Большевикууд бүх зүйлийг удирдагчийнхаа төлөө хийдэг. Н.Энхбаяр тийм удирдагчийн дүрд тоглохыг хүсэж байна.
-Төрийн эрх мэдэлд хүрэх дотоод алхмаа хийгээд эхэлчихжээ. Гадаад хүчин зүйлийн нөлөөлөл ч байгааг үгүйсгэхгүй. Арабад дүрэлзэж байгаа түймэр Энхбаярын дагалдагсдыг хөөргөж мэдэхээр байгаа шүү дээ. Энэ хүчин зүйлээс болгоомжлох хэрэгтэй байх аа.
-Монголчууд ардчиллын төлөө боссон 1990-ээд оны тэмцэл Африкт одоо өрнөж байгаа байхгүй юу. Ялгаатай нь манайд ардчиллаас дарангуйлал руу шилжих гэсэн хувьсгал хийх гээд байна. Ардчиллын төлөөх Арабын хувьсгалыг Энхбаярын хийх гээд байгаа ардчиллыг дарангуйллаар солих гэсэн хувьсгалтай адилтгаж болохгүй. Монголд олигархи бий. Түүнийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ нийгэмд маань ардчиллын төлөөх үзэл санаа хүчтэй хэвээр байна. Ийм эх орноо Арабтай харьцуулна гэдэг бол доромжлол. Монголд хүчирхийллийг газар авахуулах л юм бол маш аюултай нөхц өл үүснэ. Эрүүл мэндийн төвүүдийн судалгаагаар манай хүн амын дунд архидалтын төвшин маш өндөр хувьтай гарсан. Томоохон хүчирхийллийн үндсэн шалтгаан нь архидалт, сэтгэл санааны уналт, тавгүй байдлаас болдог. Манайд энэ хувь их өндөр. Энэ байдлыг буруугаар ашиглавал маш аюултай юм болно. Бөөгийн ёс сүүлийн үед хөгжиж байна. Бөөгийн жанжнууд энд тэндгүй гарч ирлээ.
Тэд чинь дагалдагсдаа улайруулчихдаг юм гэсэн. Африкт гардаг томоохон хүчирхийлэл бөөтэй шууд холбоотой. Гэмт хэргийн томоохон бүлэглэлийн удирдагчид нь бөө нар байдаг. Манайханд тэгж мэдэх бөө нар олон байна. Ийм эмзэг байдлыг буруугаар ашиглавал сүүлдээ удирдагч нартаа ч дийлдэхгүй аюултай юм болно. Долдугаар сарын 1-нд Батзандан, Магнай нар толгойгоо бариад л гүйгээ биз дээ. Ийм л юм болно. Манай ард иргэд үүнийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Монгол Улс ардчилсан орон. Бидэнд боломж байна. Ярилцаж, зөвшилцье л дөө. УИХ болохгүй байгаа бол сонгуулиа явуулъя. Хүчирхийллийг хүсдэггүй монголчуудын амин чухал хүслийг Энхбаяр арай ч дарангуйлчихгүй байх гэдэгт би найддаг. Монголчууд ардчилалдаа хайртай, хүчирхийллийг хүсэхгүй шүү, Н.Энхбаяраа гээд хэлчихмээр санагдаж байна.
-UB palace-т хоёр өдөр Их хуралдай гэгчээ хийлээ. Тэр олон хүний хоол унд, унааны зардал, туг, лоозонг харвал ихээхэн хөрөнгө зарж байгаа бололтой. Таны бодлоор хэдий хэрийн юм зарлагадаж зорилгодоо хүрэх гээд байна вэ?
-Тааж мэдэхгүй. Харин хүмүүсийн ярихыг сонссон. Зөвхөн нэг бүсийн их хуралдайд 100 сая төгрөг зарцуулсан гэж дуулсан. Үнэн бол тийм том хэмжээний санхүүжилтийг дотоодоос босгож чадахгүй. Яагаад гэвэл Монгол баялагтай. Энэ их баялгаасаа өгнө гэвэл гаднын хэн ч санхүүжилнэ. Би үүнээс л маш ихээр болгоомжилж байна. Төрийн эсрэг гэмт үйл ажиллагааг санхүүжүүлсэн нь нотлогдвол хатуу хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалтыг Эрүүгийн хуульд оруулахаар би төсөл санаачилж өргөн барьсан. Одоогоор дэмжигдээгүй байна. Төрийн эсрэг үйл ажиллагааг санхүүжүүлж байвал бид яаж ч чадахгүй, одоо. Яагаад гэвэл түүнээс сэргийлсэн хууль байхгүй юм чинь.