МУИС болон БОАЖЯ-ны хооронд байгалийн нөөц баялгийг хамгаалах, биологийн болон генетик нөөцийг зохистой ашиглах, хүрээлэн буй орчныг бохирдол, доройтлоос хамгаалах чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэрэгжүүлэх, нөгөө талаар төрийн байгууллага их дээд сургуулийн нягт харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулагдлаа.
Сүүлийн жилүүдэд БОАЖЯ-ны захиалгаар МУИС-ийн эрдэмтэд Монгол орны идлэг шонхорын тооллого, нүүдэллэлт, шилжилт, популяцийн судалгаа, Монгол орны халиуны тархацын судалгаа, Монгол орны уур амьсгалын түүхэн хөгжил, Паразитологийн судалгаа, цөлийн аргамжин цэцгийн нөөцийн судалгаа, өндөр уул тайгын бүслүүрийн ашиглалтанд өртөмтгий ашигт ургамлын тархалт ба нөөцийн судалгаа зэрэг судалгаа шинжилгээний ажлуудыг амжилттай гүйцэтгэж, үүний үр дүнг салбарын бодлого шийдвэрт тусган ажиллаж иржээ.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр МУИС болон БОАЖЯ-ны удирдлагууд өмнө нь явж ирсэн эрдэмтэн, мэргэжилтнүүдийн төвшний хамтын ажиллагааг ийнхүү албан ёсоор баталгаажуулснаар хоёр талын зорилгод нийцсэн эцсийн дүнд монгол орныхоо эх байгалийг хамгаалахад чиглэсэн амьд, ажил хэрэгч үйл ажиллагаа болж тасралтгүй өрнөнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.