Сонгуулийн шударга тогтолцоог даруй тогтооё гэхээр МАН-ынхан хойш суучихаад байна гэсэн санааг З.Энхболд хэд хэдэн ярилцлагаараа сануулсан. Харин бүлгийн нь дарга Ч.Сайханбилэг УИХ дахь намуудад ойлголцохгүй байгаа зүйл байхгүй. Тийм учраас аль нэгнийгээ буруутгахаа больж, ажлаа урагшлуулах хэрэгтэй байна гэж өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр ярив. Тэгвэл З.Энхболдын зөв байсан байна. Ч.Сайханбилэг дарга ч хардлагаар ажил явахгүй хэмээн бодсон нь буруу биш юм.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хийх гэтэл МАН-ынхан бултаж эхлэв. УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нар ч бүлгийнхээ дарга, дэд даргын байр суурийг гайхаж байх шиг байна лээ. Бүлгүүдээс өгсөн чиглэлийн дагуу л Ажлын хэсэг ажилласан. Гэтэл тэгээгүй, дураараа санал оруулсан мэт хандлаа. Бидний бүтэн жилийн ажлыг нураалаа гэж Н.Энхболдын гомдоллох нь ч аргагүй юм билээ.
Д.Лүндээжанцан, Л.Болд нарын өргөн барьсан төсөл хоёулаа пропорциональ тогтолцоог сонгохоор байсныг Ажлын хэсгийнхэн нэгтгээд, намуудын бүлгээс өгсөн чиглэлийн дагуу холимог хувилбар болгож төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн юм байна. Төсөлтэй холбоотойгоор Ажлын хэсэгт 197 санал ирж. Тэдгээрээр нэг дор, нэг амьсгаагаар санал хураалгах боломжгүй учир 30, 30-аар нь багцалжээ.
Холимог хувилбарыг сонгосон тохиолдолд гээд эхний ээлжинд 30 саналын томъёолол хэлэлцүүлэхээр Ажлын хэсэг Байнгын хороонд хандав. Харин Д.Лүндээжанцан, Д.Дондог нар холимог тогтолцооноос татгалзсанаас ялгаагүй байр суурийг илэрхийлсэн юм. Тогтолцоонд огт хамааралгүй асуудлаар санал хураалгая гэж байна лээ. Бүр сүүлд нь тогтолцоогоо яръя гэв. Харин АН-ын бүлгийн гишүүд холимог тогтолцоо байхаар тооцож Ажлын хэсгийн дэвшүүлсэн хувилбараар санал хураахыг дэмжсэн байр суурьтай байсныг онцолъё.
АН-ынхан ийн хаширлах нь аргагүй юм. Тогтолцоогоо өөрчилнө гэж МАН-ынхан хошигруулж байгаад эцсийн мөчид луйвардахад амар хуучин тогтолцоотойгоо үлддэг нь тэдний зан билээ. МАН-ынхан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг орхисноор сонгуулийн шинэчлэлд МАН саад болж байна гэсэн хардлагыг дахин баталж орхилоо.
Уг нь МАН, АН-ын бүлэг нам, хүний алинаар нь санал авах, мажоритар хувилбараар явуулах тойрогт унасан нэр дэвшигч намын жагсаалтаар сонгогдох эсэх гэсэн хоёрхон асуудлаар тохирч чадаагүй бусдаар, тэр тусмаа пропорциональ давамгайлсан холимог хувилбарыг сонгох дээр санал нэгдсэн гэдгийг бүлгийн удирдлага, намын дарга нар нь ил тод мэдэгдэж байсан юм. Харамсалтай нь МАН 76 тойргоос салах бодолгүй байгаагаа өчигдөр дахин нотлов. Бүлгийн дарга Д.Лүндээжанцан хэлэхдээ тогтолцооны асуудлаар манай бүлэг саналаа эцэслээгүй гэх ухааны юм ярина лээ. Сонгуулийн шударга тогтолцоотой болъё гэтэл МАН дахиад л бултаж эхлэв.
Э.ТӨР