УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Тагнуулын ерөнхий газар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулах “Мэдээллийн аюулгүй байдал” онол-практикийн бага хурал өнөөдөр болно. Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэгээс зарим зүйл тодруулав.
-Ямар зорилготой хурал байх вэ?
-Өнгөрсөн жил Мэдээллийн аюулгүй байдлын үзэл баримтлал анх удаа батлагдсан. Энэ чиглэлээр гарсан хууль эрх зүй байдаггүй байв. Энэ салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Өнөөдөр болох хурлаар хэвлэл мэдээллийн байгууллага, мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөллийнхтэй мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр санал солилцож, ярилцах юм. Мэдээллийн аюулгүй байдлын ерөнхий асуудлууд, түүний өнөөдрийн нөхцөл байдал гадаад орнуудад болон Монголд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ба мэдээллийн аюулгүй байдал бизнесийн орчны мэдээллийн аюулгүй байдал зэрэг олон сэдвээр мэргэжилтнүүд илтгэл тавьж, ярилцах юм. Орчин цагт мэдээллийн аюулгүй байдлын асуудал зөвхөн төрийн хэрэг биш болжээ. Мэдээллээр дамжуулж улс оронд тогтворгүй байдал үүсгэх болсон. Мэдээллийн технологи ч хурдтай хөгжиж байна. Үүнээс Монгол Улс хоцрох ёсгүй. Тийм учраас мэдээлэл дамжуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Мэдээллийн аюулгүй байдал гэж юу болох талаар олон нийтэд зөв мэдээлэл өгөх нь бас нэг зорилго. Энэ мэт өргөн сэдвийн хүрээнд онол-практикийн бага хурал болно. Мэдээллийн аюулгүй байдлын боловсон хүчнээ бэлтгэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөрөнгийн асуудлаа шийдвэрлэх гэсэн агуулгаар төр, хувийн хэвшил, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан зөвлөмж гаргана.
-Монгол Улс мэдээллийн аюулгүй байдлын үзэл баримтлалгүй шахам явж иржээ. Энэ талаар та ямар дүгнэлттэй байдаг вэ?
-Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль ч байдаггүй юм шүү дээ. Улсын хөгжилтэй л холбоотой асуудал. Мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн салбараа АНУ, БНХАУ, ОХУ, Израйль улс маш сайн хөгжүүлсэн, ихээхэн хөрөнгө ч зарцуулсан. Манай улсын эдийн засгийн хөгжил, түүний чадавхтай холбоотойгоор энэ салбарын хөгжил хоцрогджээ гэсэн дүгнэлттэй байна.
Го.ЭНХ