Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хоёр жилийн өмнө гурван Байнгын хорооноос хамтран гаргасан тогтоолын хэрэгжилттэй танилцав. 2009 оны аравдугаар сарын 21-нд Эдийн засаг, Аюулгүй байдал, гадаад бодлого, Хууль зүйн байнгын хорооноос Хилийн байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан юм.
Хилийн хяналтын байгууллагуудын уялдаа, ажиллах нөхцөл, алба хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгааг сайжруулах, иргэд, аж ахуйн нэгжид хүнд сурталгүй үйлчлэх гэх мэт асуудлыг үүнд багтаажээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар тогтоолыг хэрхэн хэрэгжүүлж буйг танилцуулсан. Хилийн боомтын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулахаар Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан гэнэ.
Хяналтын байгууллагуудын уялдааг сайжруулахын тулд Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулсан байна. Дорнод аймгийн Чойбалсан, Ховд аймгийн Ховд, Өмнөговь аймгийн Даланзадгад, Хөвсгөл аймгийн Мөрөнгийн нисэх буудлыг зорчигч, ачаа тээврийн харилцааны хилийн олон улсын боомт байхаар тогтоожээ. Даланзадгад, Мөрөнгийн нисэх буудлын хилийн олон улсын боомтыг 2012 оны тавдугаар сараас нээх юм байна.
Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булганы боомтын одоогийн нөхцөлийг судалж, тодорхой санал боловсруулахаар Ажлын хэсэг байгуулжээ. Хэрэгжилтийн явц нэг иймэрхүү байгааг гишүүд “Хийсэн юм алга” хэмээн үзэв. Хилээр гаргаж буй нүүрс, төмрийн хүдрийн хэмжээ, үнийн талаарх мэдээллийг тэд Засгийн газраас хүссэн. Ш.Сайхансамбуу “Хилийн боомт байгуулж хөгжүүлнэ гээд хоосон хашаа барьчихаад суудгаа одоо боль” гэсэн бол З.Энхболд “Хийсэн ажил алга, хугацаа их алджээ. Байнгын хороодын тогтоолд тусгасан 10 заалт бүрээр хэрэгжсэн байдлыг танилцуулах хэрэгтэй” гэлээ.
Байнгын хорооны дарга Я.Батсуурь Замын-Үүдэд ажиллаад ирснээ хэлж, “2-3 жилийн өмнө тэнд гацаа үүсгэж, иргэдийг бухимдуулсан. Улмаар барилгын материалын үнэ өсөхөд хүргэсэн. Одоо тэнд ийм нөхцөл үүсэхээр болчихоод байна. Үүнээс сэргийлэхийн тулд уг тогтоолын хэрэгжилтийг сонсож байгаа юм. Хятадын талын боомт дамжин өнгөрүүлэх хүчээ нэмсэн, иргэдэд ямар ч хүндрэлгүй үйлчилж байна. Гэтэл манай талд ирээд л гацчихдаг” гэв. Байнгын хорооноос гишүүдийн саналыг нэгтгээд Засгийн газарт тодорхой чиглэл өгөхөөр боллоо.
С.УУЛ