“Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллан, улирал тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад үүрэг болгов. Төлөвлөгөөг Улсын Их Хурлын тогтоолын заалт бүрээр задлаж нарийвчлан боловсруулсан байна.
Тухайлбал Багануур, Шивээ-Овоогийн уурхайн болон эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын урт хугацаат зээлийг анх зээлсэн үеийн ханшаар тооцон төгрөгт шилжүүлэх, ханшийн зөрүүнээс үүсэх алдагдлыг Засгийн газар бүрэн хариуцаж тухайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох, төвийн бүсийн эрчим хүчний компаниудад олгож байгаа татаасын хэмжээгээр компани, уурхай хоорондын хуучин өр, авлагыг бүрэн хаахаар төлөвлөөд байна.
Мөн хэрэглэгчдэд ирэх ачааллыг хөнгөвчлөхийн тулд 3 жилийн хугацаанд Багануур, Шивээ-Овоогийн уурхай болон төрийн өмчийн эрчим хүчний компаниудад олгож байгаа татаасыг бууруулахгүй байх, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг Багануурын болон бусад уурхайг түшиглэн байгуулах, 3,4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийхээр тусгажээ. Үүний дүнд төрийн өмчийн компаниудын дүнгээр эргэлтийн хөрөнгө нэмэгдэн, богино хугацаат өр төлбөр, хэрэглэгчдээс авах авлага буурна. Мөн төлбөр барагдуулах чадвар нэмэгдэж, компаниудын санхүүгийн байдал эрүүлжинэ гэж Засгийн газар тооцоолж байна.
АМРАЛТЫН ӨДРӨӨ АЖИЛ ХИЙЖ ИДЭВХТЭЙ ӨНГӨРҮҮЛЬЕ
Жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн бямба гарагийн амралтын өдрийг “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгох талаар гаргасан уриалгаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа 786 мянга гаруй хүн байдаг бөгөөд нэг хүн жилдээ нийтээр тэмдэглэх баяр, ээлжийн болон амралтын бусад өдөр гээд 130 өдөр амардаг байна. Энэ нь нэг жилийн бүх өдрийн 34.5 хувийг амралт, баяр тэмдэглэхэд зориулдаг гэсэн үг юм.
Иргэд амарч, баярлаж цэнгээд байх бус, харин нийгмийн сайн сайхны төлөө жилд ганцхан өдөр сайн дураараа хөдөлмөрлөхөд 12,5 тэрбум төгрөгийн баялаг бүтээж чадна гэсэн тооцоо гарсан байна. Иймээс нэг өдрийг эрүүл, аюулгүй орчин бий болгох, хот, сум суурингаа цэцэрлэгжүүлж, тохижуулах, дэд бүтцийг нь сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх, соёлын дурсгалт газруудыг сэргээн засварлах зэргээр бүтээн байгуулалтын ажил хийхэд зарцуулъя гэж төрийн бус байгууллагууд, иргэд цөөнгүй удаа Засгийн газарт ханджээ. Саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.
Энэ дагуу “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-ийг орон даяар хэвшүүлэн, цаашдаа үндэсний бүтээмжийн хөдөлгөөн болгон өрнүүлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөдөлмөрийн харилцааны түншлэгч талуудад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам уриалж байна.
• “Улаанбаатарын Дулаан цахилгаан станц-5” төслийн талаар ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.