Төрийн захиргааны шинэтгэлийн тухай Төрийн ордонд ярилцаж байлаа. Энэ үеэр улстөрчдийн нөлөө, эрх мэдлээс ангид болгосон цагт л төрийн захиргааг шинэчилж болно хэмээн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл ухуулсан юм. Өөрөө тэр тогоонд “буцалж” яваа ч тэрбээр үнэнээ хэлэхээс ичсэнгүй.
“Төрийн захиргааны байгууллага алсыг харж ажилладаг. Харин улстөрчид зочид буудалд түр байрлагчид. Чадал нь хүрвэл дараагийн сонгуулиар дахин гарч өнөөх буудалдаа ирдэг” хэмээн өөрсдийгөө тодорхойлсон юм.
Түр зуурын албатай гэсэн сэтгэлгээтэй, дараагийн сонгуулиар дахин гарч ирэх эсэх нь эргэлзээтэй учраас улстөрчид бүрэн эрхийнхээ дөрвөн жилд аль болох ахиухан идэж, уухыг л хүсдэг гэдгийг тэр ингэж илэрхийлэв.
Улстөрчид төрийн захиргааны байгууллагыг ашиг сонирхолдоо нийцүүлж ашиглах бүх боломжийг алддаггүй хэмээн Э.Бат-Үүл “мэдээлсэн” юм. Тиймээс л ходоодныхоо хэмжээнд нийцүүлж төрийн захиргааны үйл ажиллагаанд хошуу дүрэн, алсын харааг нь бүдгэрүүлж орхидог байна.