УИХ-ын сонгуулийн тухай хуулийн Ажлын хэсгийн хуралдаанаар дэмжсэн 200-гаад саналыг багцалж, гуч гучаар нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болсон ч МАН-ын бүлгийнхэн эсэргүүцсэн учир сонгуулийн тогтолцоог шинэчлэх асуудал гацаанд ороод буй. МАН-ын Удирдах зөвлөл холимог тогтолцоог дэмжих шийдвэр гаргасан ч саналаа бүрэн нэгтгэж чадаагүй байна. Намынхаа шийдвэрийг Удирдах зөвлөлийн таван гишүүн тууштай эсэргүүцэж байгаа гэнэ.
Энэ талын байр суурийг баримтлагчид бүлэгт нь ч хүчтэй байгаа бололтой. Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр Ажлын хэсгээс оруулсан саналын томъёоллоос үзвэл олон мандаттай буюу улс нэг тойрог болох сонгуульд бие даагч нэр дэвших боломжгүй аж. Төслөөс харвал бие даагч нь нэг мандаттай нэг тойрогт л нэрээ дэвшүүлэх эрх үүсэхээр байгаа нь Үндсэн хуулийн цэцийн маргаан үүсгэж болзошгүй юм.
Төслийн 6.2-т “Сонгогдох эрх бүхий иргэн тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан нөхцөлд нэг мандаттай нэг тойрогт нэрээ бие даан дэвшүүлэх эрхтэй” гэсэн бол олон мандаттай нэг тойрогт зөвхөн нам, эвсэл нэр дэвшүүлэх зохицуулалт байхаар боловсруулжээ. Үндсэн хуулиар УИХ-ын гишүүнийг шууд сонгох заалттай.
Холимог хувилбар сонгосон тохиолдолд “УИХ-д 76 гишүүнийг сонгоно” хэмээн маргаан үүсгэхгүй байх гарц хайсан байна.