Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд мансуурсан гэх гурван оюутны нэг нь нас барсан хэрэг гарсан. Тухайн үед зарим мэдээллийн хэрэгслээр уг гурван оюутныг мансууруулах бодис хэрэглэсэн хэмээн мэдээлж байсан юм. Энэ асуудалд тус дүүргийн Цагдаагийн хэлтэс, Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад өнгөрс өн долоо хоногийн сүүлчээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.
Энэ дагуу тус дүүргийн прокурорын газрын албаны хүнээс тодруулахад “Уг хэрэгт мөрдөн байцаалт явуулж, шийдвэрлэгдсэн. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2011 оны гуравдугаар сарын 23-ны 459 дүгээр акт, шүүх химийн шинжилгээний 548 тоот дүгнэлтээр талийгаач Э нь нүүрсхүчлийн хийн дутуу ислийн хурц хордлогын улмаас буюу хүмүүсийн ярьж заншсанаар угаартаж нас барсан нь тогтоогдсон. Мөн талийгаачтай хамт байсан Т, Н нарын цуснаас угаарын хий илэрч, эмнэлгийн тусламж үзүүлсэн.
Тухайн үед сонинд мэдээлсэн шиг мансууруулах бодис огт илрээгүй. Тэдний цуснаас спирт, хорт бодис, эмийн бодис ч гараагүй. Энэ нь шүүх эмнэлгийн шинжээч эмч нараас авсан тайлбараар давхар батлагдаж байгаа. Талийгаачийн ар гэрийнхэн тухайн үед хүүхэд нь мансуурч нас барсан гэх мэдээлэлд ихэд эмзэглэж, цагдаа, прокурорын байгууллагад залруулж өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан” гэлээ.
Тухайн үед мансууруулах бодис хандлан хэрэглэсэн, гэрээс нь шилтэй хандалсан ногоон ургамал олдсон хэмээн зарим сонинд мэдээлж байсан. Энэ асуудалтай холбогдуулж хууль хяналтын байгууллагынхан талийгаач оюутны суудаг байсан айлын эзнээс тайлбар авчээ.
Хандалсан ургамал нь арцны ханд байсан бөгөөд гэрийн эзэн түүнийг ардын эмчилгээний журмаар хэрэглэдэг байснаа баталж, шилтэй үлдээсэн бодис хэвээрээ байна хэмээжээ. Түүгээр зогсохг үй хууль хяналтын байгууллагынхан уг асуудлыг нарийвчлан шалгахын тулд гэрт байсан угаадас, үнс зэргийг ч шинжлүүлсэн аж. Талийгаач Э хоёр найзыгаа дуудан “Толгой өвдөөд байна.
Та хоёр ирж хоол хийж өгөөч” гэжээ. Ингээд тэд хамт хооллох гэж байхдаа нэг нь нас барж, найзуудынх нь бие муудан эмнэлэгт хүргэгдсэн юм байна.