УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаан нэлээд халуухан болжээ. Төсвийн алдагдлыг нөхөх, иргэдэд орон сууцны зээлийн эх үүсвэр гаргах зорилгоор Засгийн газраас 55 тэрбум төгрөгийн бонд гаргах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Өмнө нь орон сууцны асуудлаар 80 тэрбум төгрөгийн бонд гаргаж, “Төрийн албан хаагчийн 4000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Үүний хэрэгжилттэй эхлээд танилцах хэрэгтэй гэж гишүүд үзжээ. Засгийн газар энэ квотоос сэтгүүлчдэд олгож, “хахуульдсан” гэсэн утгатай үгийг асуудлыг танилцуулсан Х.Баттулга сайдад зарим гишүүн хэлсэн аж
Зээл олгосон сэтгүүлчдийн нэрсийг гаргаж өг, байрыг нь буцааж ав гэх мэтээр омогдсон гэнэ. Уг нь орон сууцжуулах хөтөлбөр анги, нийгмээр ялгалгүй иргэн бүрт үйлчлэх ёстой баймаар. Гэтэл АН--ын гишүүд Үндсэн хуулийн заалт зөрчсөн иймэрхүү яриа өрнүүлж, хэн гэдгээ харуулжээ. Бүлгийн хаалттай хуралдааны дараа ахлагч Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн юм. Түүнээс энэ талаар лавлахад “Барилгын салбарыг дэмжих, иргэдээ орон сууцжуулах, урт хугацааны зээл олгохыг бүх гишүүн дэмжиж байгаа. Гэхдээ дараагийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд юун дээр анхаарах ёстойг мэдэхийн тулд гүйцэтгэлийг шалгая гэсэн юм. Түүнээс анги, давхаргатай холбоотой яриа үүсгээгүй.
Орон сууцжуулах хөтөлбөрийг зогсоох, Х.Баттулга сайдад тиймэрхүү зүйл тулгах нэг ч үг Бүлэг дээр яриагүй гэдгийг мэдэгдье” гэлээ. Бүлгийн хурлаар үүнээс гадна Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох хугацааг сунгах талаар ярилцжээ. Ерөнхийл өгч жилийн өмнө ийм шийдвэр гаргаж байсан билээ. Дөрөвдүгээр сарын 30-наар хуулийн хугацаа дууссан учир 2013 оны нэгдүгээр сарын нэгэн хүртэл сунгах санал оруулсан байна.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг энэ сард багтаан батлахаар зорьж буй аж. Тиймээс уг хуулийг баталтал л тусгай зөвшөөр өл олгох хугацааг сунгая, 2013 он гэж “хадуураад” яах вэ хэмээн АН-ынхан үзсэн байна. Мөн батлагдаад удаагүй Тэмдэгтийн хураамжийн тухай хууль тойрсон олон маргаан гарч, иргэд аж ахуйн нэгжээс шүүмжлэл ирүүлсэн тул дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ. Төслийг АН-ынхан дэмжсэн байна.
Ч.Сайханбилэгээс зарим зүйл тодрууллаа.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт танай бүлэг ямар дүгнэлт өгсөн бэ?
-З.Энхболд гишүүний ахалсан Ажлын хэсгээс “хангалтгүй” гэсэн дүгнэлт өгсөн тухай хэвлэлээр мэдээлсэн байна лээ. Энэ бол Бүлгийн эцсийн байр суурь биш. Ер нь Засгийн газар хангалтгүй ажиллаж байна, үлдсэн хугацаанд нь сайн шахах хэрэгтэй гэж гишүүд санал нэгдсэн. Асуудлыг чуулганаар хэлэлцэх үед манай бүлэг эцсийн байр сууриа гаргана.
-Д.Зоригт сайдыг огцруулахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн үү?
-Амжаагүй байна. Хэрэв Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ талаар хэлэлцэх болоод шаардлагатай гэж үзвэл бид ээлжит бус хуралдаан хийх болно.
С.УУЛ