“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын асуудлаар өмнө нь мэдээлэл хийж, Монгол Улсад суугаа Английн Элчин сайдад мэдэгдэл хүргүүлж байсан. Энэ удаа дахин мэдэгдэл өгч байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. “Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтанд санаатай виз олгоод, шууд баривчилсныг эсэргүүцэж байна. Энэхүү үйлдэл нь Монгол Улсыг дорд үзэж байгаагийн илрэл. Английн иргэн Монголд ямар нэр хүндтэй, эрхтэй байд гийн адил Монгол Улсын иргэн ч Англид тийм эрхтэй байх учиртай” гэж Х.Бат-Ялалт ярилаа. Б.Хурцын шүүх хурал энэ сарын 13-нд Лондонд болох юм. Шүүх хурал болохоос өмнө гаргасан мэдэгдлээ улсынхаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж өгөхийг тус байгууллагынхан Элчин сайдаас хүсчээ.