Ганц сайдыг хоёр ч удаа огцруулах саналыг хагас жил хүрэхгүй хугацаанд УИХ-ын нэр бүхий хэдхэн гишүүн л өргөн бариад байх юм. Тэр тоолонд нь УИХ хайран цагаа харамгүй зориулж байгаа нь цаг үеэ олсон улс төр мөн үү. Улс оронд тулгамдаж буй чухал асуудлууд УИХ-ын шийдвэрийг хүлээн хоол нэхэх ангаахай шиг ангалзаж байна. Хаврын тариалалт, уул уурхайн бүтээн байгуулалтын ид оргил үед түлшний хомсдол нийслэлээс хальж, орон нутгийг хамраад байхад салбарынх нь сайдыг огцуулах, эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэг, Байнгын хороо, УИХ-аар хэлэлцэж буй нь олны дургүйцлийг төрүүлж байна.
Гуравхан гишүүний “ганц сайд”-ыг эсэргүүцсэн саналд парламент түлш шатахуунаасаа илүү цаг хугацаа алдалгүй анхаарал хандуулав. Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор байнгын хороогоор, 14 хоногт багтаан УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуультай. Гэхдээ УИХ-ын гишүүдийн гуравны нэгд ч хүрэхгүй, бүр хоёр, гуравхан хүний хувийн жижиг ашиг сонирхол нэвт шингэсэн энэ мэт асуудлыг нам дотроо зохицуулж болдоггүй юм болов уу. Энэ байтугай том асуудлыг хуулиа зөрчөөд ч хамаагүй нүдээ аниад өнгөрч л байдаг шүү дээ, УИХ.
Гэтэл гуравхан хүний нэр хүндээ өсгөх, олны анхаарлыг татах, улс төрийн хүрээний зарим хүмүүсийн хэлж буйгаар өш хонзонгийн “сэдэлтэй” ийм асуудлыг УИХ хэлэлцэж буй нь үнэхээр жижиг харагдаж байна. Энэ бол УИХ-ын биш, өчүүхэн хэмжээнд сэтгэдэг жижиг улстөрчдийн “том” PR биш гэж үү. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нарын энэ PR тэднийг хэсэгхэн зуур “ардын баатар” болголоо. Сайдыг огцруулж болно. Сайд байтугай Засгийн газрыг ч огцруулж болно. Энэ бол УИХ-ын гишүүдэд хуулиар олгогдсон эрх. Харин огцруулах үндэслэл нь л тодорхой, бодитой байх учиртай. Гэтэл тэдний гаргасан долоон үндэслэлд ийм зүйл байна уу.
УИХ дахь АН-ын гурван гишүүний өргөн барьсан энэ санал АН-ынх уу, эсвэл гуравхан гишүүний хувийн санал уу гээд эргэлзээтэй олон асуудал үүний цаана бий. Хамтарсан Засгийн газрыг 60:40 харьцаатай байгуулж, сайд нарыг томилохдоо хувь улстөрчийн хүсэл сонирхлоор танхимыг бүрдүүлээгүй. Харин боловсон хүчний бодлогоо шийддэг намын дүрэм, журмын дагуу томилсон. Тиймээс хэн нэг сайдыг огцруулахдаа тулбал ганц, хоёр гишүүний биш намын оролцоо, албан ёсны байр суурь байх ёстой юм. Гэтэл С.Эрдэнийн хоёр дахь удаагаа өргөн барьсан Д.Зоригтыг огцруулах энэ санал ядаж намынхаа дэмжлэгийг аваагүй нь үүний цаана намын бус, хувийн ашиг сонирхол нуугдаж буйг илтгэнэ.
С.ЭРДЭНЭ, Д.ГАНХУЯГ, Г.БАЯРСАЙХАН НАР ГАДНЫНХНЫ ХҮҮХЭЛДЭЙ БОЛООГҮЙ БИЗ
УИХ-ын гишүүн С.Баяр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Мон гол Улсын ирээ дүйн хөгж лийн хэтийн төлөвийг шийдэх шийдлийн өмнө тулж ирчихээд байна. Үүнд садаа болох гэж ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огц руулах санал тавьсан байж болзошгүй. Хэнд ашигтай юм бэ? Энэ ажлыг гацаах, зогсоох нь монголчуудын дотроос биш, гаднаас шидсэн чулуу юм биш биз” хэмээн хэлсэн байсан. Магадгүй юм. Эрдэс баялаг, эрчим хүч бол Засгийн газрын төдийгүй Монгол Улсын тэргүүлэх гол салбар. Тиймдээ ч Монголын төдийгүй дэлхийн анхаарлын төвд нэгэнт орсон.
Гадна, дотнын гэлтгүй хүн бүхэн Монголд ашигт малтмалын ганц лиценз авахын төлөө янз бүрийн арга чарга хэрэглэж буй. С.Эрдэнэ УИХ-ын гишүүний нэрээр сүүлийн үед томоохон уул уурхайн компаниуд дээр “шалгалтаар” очих болсон. Намын нөхөд нь ч түүнийг уул уурхайд талтай болсныг үгүйсгээгүй. Тиймээс сайдыг огцруулах удаа дараагийн саналын цаана Д.Зоригттой үл ойлголцсон ашиг сонирхол байна гэсэн хардлага төрж байна. Магадгүй түүний өөрийнх нь биш ч, Монголын эрдэс баялгийг сонирхсон, Д.Зоригттой үг хэлээ ойлголцож чадахгүй байгаа гаднынхны лообий, түлхээс буйг үгүйсгэх аргагүй юм.
Сүүлийн хэдэн жилд УИХ-ын зарим гишүүн гаднынханд илт үйлчилж, тэдний эрх ашгийн төлөө хууль санаачлан боловсруулж батлуулдаг бизнес газар авсан. 2007 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль “Айвенхоу майнз”-ын, 2009 онд батлагдсан Цөмийн энергийн тухай хууль оросуудын, одоо өргөн баригдах гэж буй Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулга “Петрочайна дачин Тамсаг” гэх Хятадын компанийн лообийд автсан гэсэн хардлага байдаг. Харин одоо УИХ-ын зарим гишүүн хуулиар хийдэг бизнесээ үгэнд ордоггүй сайдыг огцруулдаг болгон өргөжүүлсэн байж магадгүй нь. Үүндээ тэд ганц нэгээрээ бус хоёр гурваараа нэгдэн, нийлж хүч нэмэн УИХ-аар саналаа дэмжүүлдэг гэсэн.
Тийм болохоор С.Эрдэнийг дэмжин гарын үсэг зурсан Д.Ганхуяг, Г.Баярсайхан хоёр хэний ямар хүүхэлдэй болсноо мэдэж байгаа болов уу? Эрхэм гишүүн Д.Ганхуягийн хувьд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын албыг хашиж байсан. Улс орны эдийн засаг, ирээдүйн хэтийн төлөвт С.Эрдэнээс илүү санаа тавьж, ойлгож мэдрэх хүн. Гэхдээ бас хувийнх нь ашиг сонирхол энд тэнд “гүйдэг” юм билээ. Японд боловсрол эзэмшсэн бизнесмэний хувьд Японоос хэрэгжүүлж байгаа том төслүүдийг, тухайлбал сургуулийн барилга барих тендер энэ хүний гараар дамждаг гэсэн.
Гэхдээ л УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог тэргүүлж байсан хүн ийнхүү ганц сайдын эсрэг улс төр хийж буй нь арчаагаа алдсан мэт санагдаж байна. Харин Г.Баярсайханы хувьд юм юм руу үсчиж явдаг УИХ дахь “хөнгөн” гишүүдийн нэг. Тиймдээ ч сайдыг огцруулах “том” асуудлаар баатар болоод авахыг хүссэн байж мэднэ. Өчигдөр УИХ дахь МАН, АНын бүлгийнхэн тус тусдаа хуралдаж Д.Зоригтын асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын журмын нөхдөөсөө дэмжлэг авч чадсангүй. Энэ нь тэднийг нам дотроо ямар хэмжээний, хөнгөн жингийн тамирчид болохыг илтгэв.
МАН УЛС ТӨРИЙН ШИЙДЛЭЭ ГАРГАЖ, УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ДЭМЖЛЭЭ
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Удирдах зөвлөлөөр Д.Зоригтыг огцруулах долоон шаардлага бүрийг нэгбүрчлэн хэлэлцээд энэхүү шийдвэрийг гаргасныг эх сурвалж хэлж байна. Үүн дотроос олны анхаарал татаж буй Оюутолгой, Тавантолгойн асуудалд илүү нухацтай ханджээ. Тиймээс Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргахад хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээр хийснийх нь төлөө Д.Зоригтыг огцруулах нь үндэслэлгүй.
Мөн Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж 40 жилийн турш яриад, чадаагүй ажил хамтарсан Засгийн газрын үед биеллээ олж, хэрэгжих гэж буй энэ үед үр дүнг нь үзэлгүй сал барын сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзжээ. Ер нь МАН-ын Удирдах зөвлөл асуудалд бодитой хандах ёс той гэдэг дээр санал нэгд сэн тул Д.Зоригтыг сай дын суудалд нь хэвээр үлдээхээр шийджээ. Энэ бол хүнээ томилсон намын улс төрийн шийдвэр. Үдээс хойш УИХ дахь МАН, АН-ыг бүлгүүд хурал даж, ЭБЭХийн сайд Д.Зориг тыг огцруулах үндэслэлгүй гэж үзлээ. Харин эцсийн шийд вэрийг УИХ өнөөдөр гаргана.