УИХ-ын гишүүд дээл эсгэх гэж байна. Шинэ сайхан дээлийн сураг гарснаас хойш дөрвөн оныг үдсэн юмсан, 2011 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд зүүнээс гаргах учиртай. Парламент сүүлийн жил тойрон шинэ дээлтэй болно гэж өдөр алгасалгүй ярьсан амаар нь бол өдийд төдийчинээ уран үйл мэтгэчихсэн сууж байх авай. Мэдэн будилах Парламентыг ажих нь ээ, өглөө дээл эсгэнэ гэж босоод, “нүд юм үзэхгүй юм аа” хэмээн баашилж баахан тээршаах. Нар дагуулан дээлийн даавуугаа зөөж тавьсаар үдшийн сарантай эвшээн зол гох залхаг үйлчин лугаа адил. Турш лагатай парламентч Д.Лүндээжанцан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үйл явцыг “дээл эсгэх” хэмээн нэрийдсэнийг ургуулан ухвал дээрх дүр зургийг эрхгүй төсөөлөхөд хүрлээ. УИХын гишүүд одоо л нэг юм дээлээ эсгэх гэж байгаа. Сонгуулийн тогтолцоог холимог хувилбараар явуулахыг УИХ дахь намын бүлгүүд хэрүүлтэй, уруултай дэмжих аядаад авав. Долоон сарын дараа шинэ сайхан дээл зүүнээс гарах хүртэл зай ч байна, лай ч бий дэг ээ. Сонгуулийн тогтолцоонд шинэтгэл хийх санааг анх пропор циональ буюу хувь тэнцүүлсэн хувилбар руу аль болох хэлбийлгэх нийгмийн захиалга бий болсныг тандсаны үндсэн дээр гаргасан билээ. УИХ Д.Лүндээжанцан, Л.Болд нарын тус бүрдээ санаачилсан хуулийн төслүүдийг “базаж”, сонгуулийг пропорциональ, мажоритар системийн холимог хувилбараар явуулъя гэж байна. Гэхдээ хэрхэн яаж холихыг УИХ-ын бүлгүүд өнөө хэр ярилцаж түвдэхгүй л сууна. УИХ-ын сонгуулийн хуулийн ажлын хэсэг МАН-ын Д.Лүндээжанцан, АН-ын Л.Болд нарын дэвшүүлсэн төслийг нэгтгэхдээ 50:26 гэдэг хувилбарыг гарган томъёолж байлаа. Тэр үед пропорциональ системийг нь 50-иар, мажоритарыг 26-гаар хуваарилан тайлбарлаж, гишүүд ч бүлэг тус бүртээ санал нэгдэж байсан юм. Гэвч хуулийн төслийг энэ чиглэлээр боловсруулж дуусмагц дахин ойлгомжгүй байдал үүсэх нь тэр. Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн долоо хоногт холимог хувилбарыг дэмжсэн боловч МАН-ын бүлэг дээр мухардал бий болов. Энэ нь холимог хувилбарт 50:26-гийн харьцаа тогтоохоос татгалзах байр суурь МАН-ын гишүүдийн дунд нэлээд хатуу ноёлж буйтай холбоотой юм. Тэд мажоритар системээр сонгох суудлын тоог 26-гаас олон байлгах тоон харьцааг зүтгүүлэх болжээ. 50:26 биш, 38:38 болгох хувилбар яригдаж байгаа сураг байна. Мажоритар бол улс орноо тойргуудад хувааснаар нутгийн төлөөллийг Парламентад гаргаж ирэх хувилбар. Сонгох гэж байгаа хүнээ нүдээрээ харж, чихээрээ сонсохоос гадна гар барьж, хүсвэл хазаж үзэх нь ээ ч гэмгүй, тийм л хувилбар юм. Монголын хувьд мөнгөтэй болоод төрсөн нутаг нь хөдөөх хүнд сонгогдож болох систем гэдэг нь сүүлийн жилүүдэд илт мэдрэгдэж буй. Сонгогчийн санал гээгддэг, парламентын чанарт муугаар нөлөөлдөг гэх мэт сөрөг хандлагаас нь зайлсхийхийн тулд пропорциональ системтэй холих бодлого дэвшүүлээд байгаа билээ. Улс орныг нэг тойрог болгож, улс төрийн намууд, түүний нэр дэвшигчийн төлөө санал өгч байгаа нь пропорциональ хувилбар. Д.Лүндээжанцангийн хэлснээр бол, дээлийн нэг хэсгийг мажоритараар, нөгөө хэсгийг пропорционалиар “эсгэхийг” холимог тогтолцоо гээд байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлэг 50:26 гэсэн харьцааг өөрчилбөл улс төрийн намууд сонгуульд бодлогоор уралддаг шударга өрсөлдөөний дарах жингээс хасаж, хувь нэр дэвшигчийн хэтэвчийн хэмжээгээр суудал горилох чигт эргэлдсэн хэвээр үлдэж таарна. Пропорционалиар санал авах 50-иас мажоритарын 26 руу тоон утга шилжих тусам сонгуулийн тогтолцооны шинэтгэл нэр төдий болох нь гарцаагүй. Шинэ сайхан дээл эсгэх гэж жил ярилаа, эсгэж байна гэж мунгинасаар цаашид ч хугацаа алдах төлөвтэй. Одоо 50:26 биш болсон, харьцааг тогтоох гэж дахиад хэдэн сар мэдэн будилах нь ойлгомжтой. Эцсийн дүнд 26:50 руу унавал холимог нэрийн дор халхавчилсан мажоритар буюу хуучин дээлтэй сонгууль болно.