ЭБЭХ-ний сайдыг буруутгаж буй долоон үндэслэлийн нэг нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой зүйл юм. Гэрээг үзэглэхэд БОАЖ-ын сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нар Засгийн газрыг төлөөлж ажилласан билээ.
Гэтэл тэдний дотроос МАН-ын Д.Зоригтыг сугалан ярьж байгаа нь улс төрийн зорилго агуулж байгаа юм биш үү гэсэн санааг Д.Одбаяр гаргаж тавьсан нь ЭБЭХ-ний сайдыг өмгөөлөх нэг шалтгаан болж хувирсан юм. Бодоод байхад яг тийм л шалтгаан, улс төрийн зорилго шууд “үнэртэж” байгаа юм чинь. Д.Одбаяр сэрдэхдээ “Ер нь Оюутолгойгоор шоудах болохоор дандаа С.Баярцогт л ярьж байдаг. Гавьяаг нь АН-ын хоёр сайд өөрсдөдөө нялзааж байхад хариуцлагыг МАН-ын Д.Зоригт ганцаараа хүлээх нь ёс зүйтэй асуудал биш” хэмээхэд түүний гаргасан гайхалтай мэргэн санааг гишүүд дэмжиж, тойрч, хамгаалалт үүсгэв.
С.Баярцогт ч эвгүй байдалд орсноо мэдрэв бололтой. Би хариуцлагаас бултаагүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол Монголоос нэг ч төгрөг гаргахгүй, улсад 60 хувийн ашгаа өгөх маш сайн гэрээ. Энэ бол УИХ, Засгийн газрын хамтын амжилт. Ерөнхийлөгч хүртэл Оюутолгойн гэрээ бол монголчуудын амжилт гэж хэлсэн. Тийм учраас энэ амжилтаа сайн сурталчлах ёстой юм байна хэмээн Сангийн сайд даруухан зан гаргав. Д.Одбаяр гэрээ сайн хийгдсэн бол та гурвын гавьяа.
Муу нь илэрвэл бас л та гурав хариуцлага хүлээх ёстой гэв. Д.Зоригт сайдын үеийн С.Бямбацогт ч бас ийм шалтгаанаар хардаж буйгаа нуусангүй. Д.Зоригт Засгийн газрын Ажлын хэсгийг ахалж байсан нь үнэн. Гэрээ байгуулах сүүлийн Ажлын хэсгийг С.Баярцогт удирдсан.
Гэтэл нэг сайдыг нь онцлоод байгаагийн учрыг залуу гишүүн ойлгохгүй байгаагаа илэрхийлэв. “Хэтэрхий улстөржөөд байгаа юм биш үү. АН энэ талаар ямар байр суурьтай байна вэ” гэсэн С.Бямбацогтын асуултад Ч.Сайханбилэг хариулахдаа, огцруулах бичгийг өргөн барьсан гурван нөхрийн бүрэн эрхийн л асуудал шүү дээ. АН-ын бүлэг хэлэлцээд олонх нь Д.Зоригт сайдыг огцруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Манай албан ёсны шийдвэр энэ гэсэн юм. Буруутны нэг байх ёстой БОАЖ-ын сайд Л.Гансүх энэ үеэр ер харагдаагүйг хэлэх хэрэгтэй. Харин С.Эрдэнэ тоймтой хариулт өгч чадсангүй. УИХ-ыг юу ч хийж чаддаггүй.
Засгийн газарт дөрлүүлсэн хайнаг гэж “тэнэгтэв”. Төр, засгийн юм бүхэн нь муухай харагддаг Ц.Шинэбаярын хувьд танхимын урд хэсгээс хараал гэмээр хамаг л муу үгээр УИХ, Засгийн газрыг галлав. Тэр Д.Зоригт сайдын яг урд суудаг юм. ЭБЭХ-ний сайдыг огцруулах асуудлаарх 19.30 цагийн үеийн санал хураалтад 40 гишүүн оролцсоноос 34:6 саналаар Д.Зоригт суудалдаа үлдлээ.
Хамтарсан Засгийн газрын сайд нараас хамгийн идэвхтэй, эрч хүчтэй, шинэ санаа-технологиор ажилладаг нь Д.Зоригт юм.
Го.Энхтөр