УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гурван гишүүн хамтарсан Засгийн газрын гишүүнийг огцруулах санал өргөн барьсныг өнгөрсөн долоо хоногт Парламентын бүлгүүд, Байнгын хороо, чуулган шат дамжуулан хэлэлцэв. УИХ-ын чуулган баасан гаригийн үдээс хойших хуралдаанаараа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэн эцсийн шийдвэр гаргалаа.
Чуулганы нэгдсэн хуралдаан Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулах долоон үндэслэлийг тойрон өрнөсөн боловч ярианы гол сэдэв Оюутолгойн гэрээ рүү чиглэж байлаа. Өмнөх өдөр нь болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Д.Зоригт сайдад тавьсан асуулт болон үүний хариулт нэгдсэн хуралдаанд ч үг, үсэггүй давтагдсаныг нуршилгүй, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн илэрхийлсэн байр суурийг тоймлоё.
Н.Батбаяр: Оюутолгойн гэрээнд өөрчл өлт оруулна гэж яриад зургаан сар өнгөрлөө. Яг хэзээ өөрчлөх юм бэ? Ерөнхий сайд С.Батболд: Чамлахааргүй олон өөрчлөлт хийхээр хөрөнгө оруулагч талтай тохирсон. Тохиролцоонд хүрэхэд амар байдаг бол өнөөдөр яриад маргааш болчих л байсан. Гэтэл тэд бас биднээс эрчим хүчний, усны талаар манай талын хүлээсэн үүргийг шаардаж байна. Засгийн газар нэлээд шахалт үзүүлсний эцэст зээлийн хүүг бууруулах, хувьцааг гурав дахь этгээдэд үл шилжүүлэх, давуу эрхийн хувьцааны асуудал гээд де факто болоогүй ч деюре шатанд яваа өөрчлөлтүүдийг тохирч чадлаа. Яг хэзээ гарын үсэг зурах вэ, Д.Зоригт сайд аа?
Д.Зоригт: Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах бичиг баримтад гарын үсэг зурах тов ирэх долоо хоногт тодорхой болно.
Н.Батбаяр: Улаанбаатарын утаа дийлдэхээ байлаа. Нүүрсээр баян манай улс яахаараа иргэддээ өндөр үнээр нүүрс худалддаг юм, эрчим хүчний эх үүсвэр шинээр барих ажил юу болж байна вэ?
С.Батболд: Нүүрсний үнийн тухайд хамтарсан Засгийн газар олон ажил хөд өлгөсөн. Эрчим хүчний эх үүсвэрийн ТЭЗҮ-ийг олон улсын журам, стандартын дагуу хийж, ахицтай явж байна. Урьд нь Н.Батбаяр шиг утаатай байна гэж шүүмжлээд л суудгаас өөр ажилгүй байсныг харин энэ Засгийн газар түгжрэл, бөглөөнөөс нь гаргасан шүү. Шаардах нэг хэрэг, ажил бол огт өөр асуудал. Орчин үеийн шаардлагад нийцсэн, шинжлэх ухааны үндэстэй ажлуудыг Д.Зоригт эхлүүлсэн гэж би бодож байна.
Д.Одбаяр: Оюутолгойн гэрээг байгуулсан нь Засгийн газрын ажил. Тиймээс энэ гэрээнд гарын үсэг зурсан Сангийн сайд С.Баярцогтоос асууя. Оюутолгойн 34 хувийг эзэмшиж байгаа монголчуудад ногдох ашиг орлогын тооцоог хэлж өгөөч?
С.Баярцогт: Ашигт малтмалын тухай хуулийн дагуу энэ гэрээнд Монгол Улсын санхүү, эрдэс баялаг, байгаль орчны салбар хариуцсан сайд нар гарын үсэг зурсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол 2008 онд сонгогдсон УИХ, Засгийн газрын хамтын ажил гэж би ойлгодог. Монгол Улс нэг ч төгрөг гаргахгүйгээр, хөрөнгө оруулагч талд эрсдэлээ 100 хувь хариуцуулж, энэ ордын нийт ашгийн 60 хувийг авч байгаа л гэрээ шүү дээ. “Монголчууд Оюутолгойгоороо нэг алхам урагшиллаа, энэ бол амжилт” гэж Ерөнхийлөгч үнэлсэн байдаг. Бид хууль зөрчөөгүй.
-Оюутолгойн гэрээ сайн болсон бол танай Засгийн газрын сайных, харин муу бол гэрээнд гарын үсэг зурсан та гурвын муугийнх шүү.
-Сайн байсан ч сайн гэж хэлэхгүй л дээ.
С.Бямбацогт: Д.Зоригтыг огцруулах санал оруулсан гурван гишүүнээс асууя. Ингэхэд яагаад Л.Гансүх биш, С.Баярцогт биш, заавал Д.Зоригтыг огцруулах гээд байгаа юм бэ. АН улс төр хийгээд байгаа юм биш үү. УИХ дахь АН-ын бүлэг юу гэж дүгнэснийг бүлгийн даргаас нь сонсмоор байна?
С.Эрдэнэ: Бид долоон үндэслэлээ УИХ-ын тогтоол амьдралд хэрэгжиж байгаа эсэхийг нягтлах гэж тавьсан юм. УИХ-ын зарим гишүүн ямар хууль баталж байгаагаа ч мэддэггүй шүү дээ. Д.Зоригтын хувьд хэгжүүн, хариуцлагагүй хүн учраас огцруулах асуудал өргөн барьсан юм. Хүсээд байвал хариуцлага хүлээх ёстой сайдуудыг бүгдийг нь нэрлээд огцруулах бичиг өргөн барья л даа.
Ч.Сайханбилэг: Д.Зоригтыг огцруулах санал гаргасан нь С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нарын бүрэн эрхийн хэрэг. АН-ын бүлэг Д.Зоригтыг огцруулах боломжг үй гэж үзсэн.
П.Алтангэрэл: Д.Зоригт сайдаас болж би Дорнодын иргэдэд “Газрын тосны тухай хуулийг өнөө маргаашг үй батална” гэж гурван удаа худлаа хэлсэн. Энэ хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ?
Д.Зоригт: Хуулийн төсөл хэдийнэ бэлэн болсон боловч бүтээгдэхүүн хуваах гэрээ, эсвэл орлогын албан татвараар зохицуулах эсэх дээр ажлын хэсэг нэгдмэл байр суурьт хүрч чадахгүй гацчихаад байгаа юм. Бидний судалсан 130 гаруй орны туршлагаас харахад тал нь бүтээгдэхүүн хуваах гэрээгээр, тал нь орлогын албан татвар авах зарчмаар явсан байна. Ажлын хэсэг үүнийг удахгүй шийдчихвэл төсөл бэлэн байгаа.
Д.Балдан-Очир: Монголын уул уурхайн салбар дэлхийн анхаарлын төвд орсон. Тиймээс манай улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайдынх нь хувьд дэлхий чамайг харж байна гэсэн үг. Огцруулах санал хоёр дахь удаагаа гарлаа. Энэ гурван гишүүний шүүмжлэлд авах, гээхийн ухаанаар хандаж байна уу?
Д.Зоригт: Үүний өмнө огцруулах асуудал нэгдүгээр сард тавьснаас хойш Могой голын цахилгаан станцын концессийн гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болголоо. ТЭЦ-5- ын ажил хөдөлж эхэллээ. Зарим тендер удаж байгаа нь үнэн. Хүчээ дайчилж ажиллана аа. Үүгээр асуулт дуусаж, Д.Зоригтыг огцруулах тухайд гишүүд саналаа хэллээ.
Ц.Шинэбаяр: Энэ хүүхдийг зовоогоод байлгүй, Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ерөөсөө стратегийн ордуудыг Ард түмний их хуралдай гартаа авна шүү.
С.Баяр: Огцруулъя гэдэг талаас нь, эсвэл энэ бол ажлаа хийж яваа сайд гэж асуудалд хандаж болно. Улс төрийн, эс бөгөөс эрх зүйн талаас, Оюутолгой, Тавантолгой гээд аль ч талаас нь харж, ярьж болно. Оюутолгойн гэрээ гэж их ярилаа. Энэ гэрээг байгуулсан хүмүүс, Ерөнхий сайд байсан би ч “ардын баатар” гэж өөрийгөө хэлээгүй. “Адгийн ялтан” нь ч биш. Бид эрх зүйн талаас нь харъя. Засгийн газрыг байгуулах, сайдад нэр дэвшүүлэхийг сонгуульд ялсан улс төрийн нам шийддэг. Манайд бол зарчим нь алдагдсан. Нэр дэвшүүлж томилох субьект нь нэг мөртлөө огцруулдаг нь олон. Парламентын засаглалтай улс орон асуудалд үнэн мөнөөр хандаж шийдвэрээ гаргахгүй бол зарчим гэдэг зүйл алга болж байна. Цаг барсан ажил их хийх юм. Зарчим ч алга.
Н.Энхболд: Д.Зоригтыг огцруулах санал хоёр дахь удаагаа орж ирсэнд гайхаж байна. Оюутолгойн гэрээнд түүнтэй хамт гарын үсэг зурсан хоёр сайд яах болж байна. Гэрээг баталсан УИХ өөрөө хэрхэх вэ. Өнөөдрийн зэсийн үнийг тооцож, тэдэн жилийн дараа тэдийг алдана гэж яриад байна. Үнэ өөр байсан бол яах юм. Цаг хугацаа, орон зайны шүүлтүүр даахгүй өнцгөөс хандах хэрэггүй. Энэ бол явуургүй улс төр. Олон жил гацсан гэрээг сонгуульд ялсан нам маань улс төрийн эр зориг гарган Засгийн газраа байгуулж хөдөлгөсөн. Д.Зоригт гэдэг хүндээ биш, хамтарсан Засгийн газраас үр дүн гарахвий гэж болгоомжилсон хүмүүсийн хийж байгаа ажил гэж үзэж байна.
Н.Батбаяр: УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолын дагуу Засгийн газар гэрээ байгуулах байсан. Тэр үед Ерөнхий сайд байсан С.Баяр ч хууль зөрчсөн, одоо С.Батболд Та ч УИХ-ын үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүл.
С.Батболд: Эрхэм гишүүний саналыг сонслоо. Улс төрийн хоёр хүчин хамтарч Засгийн газраа байгуулсан. Сайн, муугаа хамтдаа үүрэх ёстой. Мухар шүүмжлэлээр урагшилдаг бол сүүлийн 20 жил Монгол Улсын ажил, амьдрал муу юмгүй сайжрах байсан биз ээ. Н.Батбаяр гишүүн та бид хоёр олон жил төрд хамт ажиллалаа. Ажлаас чангааж зулгаагаад, үүгээрээ улс төр хийгээд байвал юу ч бүтдэггүй шүү дээ. УИХ-ын тогтоол, хуулийн хэрэгжилтийн тайлбарт саналын зөрүү байгааг харж л сууна. Би Д.Зоригтыг яагаад энэ талаар гишүүдэд үнэн бодит тайлбарыг өгдөггүй юм гэж загнасан. Ажлын хэсэг дээр уриад тайлбар өгье гэхээр 2-3 гишүүн л ирдэг гэж байгаа юм. Тэгсэн мөртлөө камер харахаараа микрофон бариад ямар ч ойлгомжгүй юм ярьдаг нь зохисгүй.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 41 гишүүнээс С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Н.Батбаяр, З.Энхболд нарын зургаан гишүүн огцруулахыг дэмжиж, УИХ 85.3 хувиар Д.Зоригт сайдыг огцруулах боломжгүй хэмээн үзлээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ийм шийдвэр гаргасан хуралдааны төгсгөлд Д.Зоригтыг огцруулах бичиг үйлдэхээ албан бусаар мэдэгдсэн С.Эрдэнэ нарт хандан “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах төсөл өргөн барьдаг хуультай юм аа гээд Д.Зоригтын асуудлыг гурав, дөрөв дэх удаагаа тавьж болохгүй. Огцруулдаг арга хуучирч, харин болж бүтэж байгааг нь дэмжвэл ажлын хариуцлага өндөржинө” гэв.
Спикер түүнчлэн Д.Зоригт сайдад хандлаа. “Засгийн газрын сайд нараас та хамгийн их хатуужиж байна. Нэг талаар гишүүд таныг хатуужуулж, нөгөө талаар ард түмэн таны ажлыг харж, үнэлэлт дүгнэлтээ өгнө. УИХ-ын гишүүд танд хоёр дахиа итгэл хүлээлгэлээ. Дааж ажиллаарай. Ажлаа илүү сайжруулахгүй бол ард түмэн таныг огцорсон сайдад тооцно. Хатуужсан боловсон хүчин болдог юм шүү” хэмээн захив.
Б.Энхцэцэг