Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Ерөнхий шүүгч Ц.Зориг нар Танаа
Дэвшилт улс орон, хүн ард, хэвлэл мэдээллийнхэн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг болсноор 20 жил болж байна. Хүний эрхийг дээдэлж, иргэн түмэнд ээлтэй улстөр, нийгэм, эдийн засгийн харилцааг төлөвшүүлэхийн төлөөх сэтгүүлчдийн үйл ажиллагааг дэмжих, эрх ашгийг хамгаалах олон улсын сэтгүүлчдийн тэмцлийн энэ өдөр саяхан болж өнгөрлөө. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ) нь Олон улсын сэтгүүлчдийн холбооны жинхэнэ гишүүн, манай гаригийн нийгмийн сайн сайхны төлөө тэмцэгч дэлхийн сэтгүүлчдийн халуун ам бүлийн эрх тэгш гишүүн нь билээ. Монгол Улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөөг бий болгоход монголын сэтгүүлчдийн үүрэг үнэлж баршгүй их байсан, байсаар ч байгаа. Олон улсын нэр хүндтэй “Freedom House” байгууллагын судалгаагаар манай улс 2000 онд хэвлэлийн бүрэн эрх чөлөөт орны эгнээнд багтаж байв. Харамсалтай нь чөлөөт хэвлэл мэдээллийг төлөвшүүлэхэд чиглэсэн Монголын төр, засгийн бодлого доголдож, хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрсдийн дуу хоолойгоо болгох гэсэн улстөр, бизнесийн тодорхой зарим бүлэглэлийн увайгүй санаархал газар авсан зэрэг тодорхой хүчин зүйлийн улмаас бид дээрх байр сууриа алдаж, өнөөдөр хэвлэлийн хагас эрх чөлөөт орон болж ухраад байна. Хоёр сар гаруйн өмнө 60 жилийнхээ ойг тэмдэглэсэн Монголын сэтгүүлчдийн байгууллага монголын сэтгүүлчид “ авилга, ядуурал, айдас болгоомжлол”-ын нөхцөлд ажиллаж, Монголд хэвлэлийн эрх чөлөө алдагдаж байгааг сэрэмжлүүлэн анхааруулсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандаж чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн багц хуулийг батлан гаргахыг ч уриалсан. Гэвч сэтгүүлчид бидний анхааруулгыг төр засаг, улстөрчид төдийлөн ойшоохгүй, хайхрамжгүй хандаж байна. Сэтгүүлчдэд нэн таагүй хандаж байгаагийн тод жишээ нь МСНЭ-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн, Азийн сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Чулуунбаатарыг “өмч хувьчлалын” гэх хэрэгт холбогдуулж цагдан хориод хоёр сар болж байгаа үйлдэл мөн гэж МСНЭ-ийн Гүйцэтгэх хороо үзэж байна. Д.Чулуунбаатар нь “Улаанбаатар” сонины хувьчлалын менежментийн багт орж ажиллаж байснаас биш, энэ хувьчлалыг гардан гүйцэтгээгүй, санаачлагч байгаагүй нь хэнд ч тодорхой билээ. Хувьчлалыг сэтгүүлчид, тэдний удирдлага биш, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд явуулсан. Гэтэл буруутантай нь хариуцлага тооцох зарчмыг үл ойшоон, улсад их хэмжээний өртэй, бараг дампуурах дөхөөд байсан сониныг хөл дээр нь босгосон Ерөнхий эрхлэгчийг цагдан хорьж буй нь үнэхээрийн харамсал төрүүлж байна. Мөрдөн байцаалтын явцад “Таныг энэ сонины эрхлэгчээр хэн тавьсан бэ”, “Хувьчлал чухам яагаад таны үед явагдав”, “Таны ард хэн байгаа вэ” гэх мэт бусдын өмнөөс яллах гэсэн агуулгатай зүйлийг байнга асууж, шалгааж байгаа нь цаанаа улс төрийн өнгө аястай байна гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Энэ нь “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах” гэсэн Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иргэн Л.Сэргэлэнтэй байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргааныг иргэний журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Гэтэл эрүүгийн журмаар шийдэхийг оролдож, сэтгүүлч До.Чулуунбаатарыг хамруулан хорьж цагдаж буй нь сэтгүүлчийг айлган сүрдүүлэх гэсэн үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй юм. Уг хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдсон бусад хүнээс иргэний журмаар байцаалт авч байгаа атлаа ганц До.Чулуунбаатарыг цагдан хорьж байгаа нь огтоос ойлгомжгүй байна. Тиймээс сэтгүүлчийн эрхэд хүндэтгэлтэй хандаж, МСНЭ-ийн гишүүн байгууллага “Улаанбаатар таймс” сонины олон зуун уншигчийн эрх ашгийг хүндэтгэх үүднээс биеийн эрүүл мэнд нь туйлаас дордоод байгаа сэтгүүлч До.Чулуунбаатарыг батлан даалтад гаргаж асуудлыг хууль зүйн дагуу шударгаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхийг эрх бүхий байгууллагуудаас МСНЭ шаардаж байна. МСНЭ сэтгүүлчийнхээ хууль ёсны эрхийг хамгаалан, шаардлагатай арга хэмжээ цаашид авах болно. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХын дарга, Ерөнхий сайд болон Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Ерөнхий шүүгч Ц.Зориг нар бидний энэ шаардлагыг анхааралдаа авна гэдэгт гүнээ найдаж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ