Сандал суудал тойрсон маргаан улс төрийн ертөнцөд тасардаггүй гэхэд хилсдэхгүй. “Болдоггүй” сайд нарт хариуцлага тооцох, эсвэл зүгээр л барьцсандаа, өөр бас бус зорилго өвөрлөн УИХ-ын зарим гишүүн огцруулах бичиг өргөн барьсаар удаж байна. Үе үеийн Засгийн газарт огцруулахаар сонгосон сайд, өргөх бичиг барьсан гишүүд нь л өөрчлөгдсөнөөс үйлдлийнх нь арга хэлбэр хувирсангүй. Эвслийн, Үндэсний эв нэгдлийн зэрэг нэртэй олон намаас бүрдсэн Засгийн газрын үед ийм бужигнаан байсгээд л гардаг байсан. Бүр хууль тогтоох үндсэн ажлаа хойш тавьж байгаад хэдэн өдөр, сараар зөвхөн хэн нэг сайдыг огцруулах эсэхийг ярьдаг байв шүү дээ.
АН, МАН хамтарч байгуулсан энэ удаагийн Засгийн газар ажлын садаа болсон ийм маргаанаас харьцангуй хол байж ирсэн юмсан. Хамтарсан учраас нэгэнтэйгээ барьцах, дэгээ тавих нь бараг мартагдаад буй. Үр дүнд нь олон жил гацсан томоохон шийдвэрүүдийг гаргасан. Гэхдээ хамтарч Засгийн газар байгуулахад анхнаасаа дурамжхан байсан зарим нь түүнийг үе үе түншихээ үл мартана. Энэ нь харин нэг их газар авдаггүй байлаа. Хариуцлага тооцох тухай ээлжит асуудлыг Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Эрдэнэ нар хөндөв. Тэдний “бай” нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт. Хамтарсан Засгийн газарт “үйлээ үзэж”, үе үе олбог нь шилгээгээд байгаа ганц сайд нь тэр.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг нугалахад гол үүрэгтэй оролцсон гурван сайдын нэг нь ч тэр. Тэднийг гаднын компанийн эрх ашгийг бодож ажилласан, УИХ-аас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй гэх мэтээр шүүмжилдэг. Д.Зоригтын асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ шийдсэн. УИХ түүнийг огцруулах шаардлагагүй гэсэн шийдвэр хоёр дахь удаагаа гаргасныг бүгд мэднэ. Гэхдээ асуудал хөндсөнөөрөө хамтарсан Засгийн газар ч, түүнийг байгуулсан УИХ ч нэлээд хөдөлгөөнд орсон.
ОХУ-ын Эрхүү мужид Консулын газраа байгуулсны 40 жилийн, тус хотод монгол оюутнууд суралцаж эхэлсний 85 жилийн ойд зориулсан арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт болсон. Эрхүүд төгссөн нэр бүхий гишүүд уг арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байжээ. Гэхдээ хэн нь ч яваагүй. Хамтарсан Засгийн газрын тогтвортой ажиллах нөхцөлд “аюул” учирч мэдэхээр нөхцөл үүссэн тул аль аль талаасаа ирц сайн байх хэрэгтэй байсан биз. Одоо нэр бүхий гурван гишүүн, тэдэнтэй ижил байр суурьтай цөөн тооны хүн гомдолтой үлдэж, бусад нь Засгийн газрыг авч үлдсэндээ баяртай хоцров.
Гишүүдийн тавьсан асуултад хариу өгдөггүй, их зан гаргадаг хэмээн эрхэм сайдыг үе үе шүүмжилдэг. Алдаа дутагдал байсан бол Д.Зоригт сайд одоо эрхбиш анхаарах биз. Юутай ч улс төр нэг хэсэгтээ амсхийх байх. Одоо дараагийн алхам юу вэ. Хэн хэнийг огцруулахаар бужигнаан дэгдээх бол хэмээн хэвлэлийнхэн хэдийнэ эрэлд гарчээ. Сонгуулийн жилийг угтсан синдром үүгээр эхэлсэн үү, эсвэл дууссан уу. Харж л байя.
С.ТУУЛ