Батж.Батбаяр гишүүн Та бүхнээс ингэж асууж байна. Үнэндээ энэ бол түүний шинэхэн номын нэр. Монголчууд аж төрөх ёс, ертөнцийн тухай бүхий л мэдлэгээ эцэг, эхээсээ авдаг.
Тиймээс ч аавын сургааль алт, ээжийн сургааль эрдэнэ, буурлаас үг сонс гэх мэтээр ярьсаар ирсэн. Орчин цагт мэдээлэл, мэдлэг авах арга өргөн болж байгаа ч эрхэм гишүүн дээдсээс уламжилж ирсэн эцэг, эхийн хайр шингэсэн сургааль үгээ мартах ёсгүй гэж үздэг аж.
Тэрбээр энэ зарчмаа баримталж, үр хүүхдүүддээ хандан сургамжит үгтэй захидал бичдэг юм байна. Эдгээр захидлаа эмхэтгэн ном болгон хэвлүүлжээ. Эцэг эхээ хайрла, хүнлэг бай, аав нь хүүгийнхээ аманд хоол халбагадаж өгөх биш, түүнийг яаж олох арга замыг сургах ёстой гэх мэтээр дөрвөн хүүдээ сургасан байна. “Чи том дэлгүүртэй болохыг хүсвэл эхлээд жижиг мухлагтай бол.
Тэгээд түүнийгээ том дэлгүүр болтол торд. Цаг, хүч хөдөлмөрөө бүү хайрла” гэжээ. Гэхдээ хүн бүр эцэг, эхийн ач, тус ямар агуу байдгийг мэдрээсэй гэсэндээ дөрвөн хүүдээ зориулсан сургааль, захиагаа ном болгон олны хүртээл болгосон гэнэ.