Цэвэр ус алтны энд хүрэх өдөр холгүй байна. Дэлхийн зарим улсад цэвэр ус аль хэдийнэ ховордчихоод байгаа ч монголчууд энэ чандмань эрдэнээ дуусашгүй баялаг мэт үрэлгэн хандсаар удав. Гэхдээ эрхбиш сэхээрч байна аа. Орон сууцны айлуудад усны тоолуур тавьсан, одоохондоо ажил болоогүй ч нөөц бүрдүүлэх, сан байгуулахаар ярьж эхэлсэн. Оюутолгой, Тавантолгой хэмээх дэлхийд нөөцөөрөө дээгүүр орох томоохон ордоо манай улс эдийн засгийн эргэлтэд оруулж буй. Ус тэнд “асуудал” болоод байгаа.
Гүний усны нөөц эрс багасаж буй талаар эрдэмтэд ч дуугарах болов. Тэгвэл УИХ ашгүй энэ асуудалд санаа тавьж эхэллээ. Стратегийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан УИХ-ын тогтоолд нэмэлт оруулахаар ярьж буй аж. Өдөр өдрөөр хорогдож буй цэвэр усыг стратегийн бүтээгдэх үүнд тооцох талаар манай сонин удаа дараа асуудал хөндөж байсан. Энэ санаачилга удахгүй ажил хэрэг болох нь. Дээрх тогтоолоор гурил, улаан буудай, нефть, нефтийн бүтээгдэхүүнийг стратегийн гэсэн ангилалд оруулж, нөөц бүрд үүлдэг. Эдгээр дээр цэвэр усыг нэмэхээр хэлэлцэж эхэлсэн байна.
Гадаргын болон гүний цэвэр ус үүнд багтана. УИХ дахь АН-ын бүлгээр өчигдөр энэ тухай хэлэлцээд дэмжжээ. Магадгүй оройтсон ч ач холбогдолтой мэдээ. Мөн донорын цусыг ч дээрх жагсаалтад нэмэхээр ажиллаж буй юм байна. Нөгөө талаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХын гишүүн Д.Ганхуяг ажиллаж буй аж. Хүн нэг удаа жорлонд ороод гарахдаа 5-10 литр ус урсгадаг гэсэн судалгаа байдаг. Жорлондоо цэвэр ус татдаг манайх шиг хэтэрхий баян орон одоо бараг үгүй.
Цалингийн оронд цэвэр ус авдаг орны иргэд энэ тухай сонсвол яаж атаархах бол. Тэгвэл угаалтуур, жорлонд “саарал” буюу дахин цэвэршүүлсэн ус ашиглахаар хуульчлах талаар дээрх төсөлд тусгахаар төлөвлөж буй гэнэ. Албан байгууллагууд угаалтуур, жорлондоо дахин цэвэршүүлсэн ус ашигласнаар цэвэр усны хэрэглээг даруй 50 хувиар хэмнэнэ гэсэн тооцоог Ажлын хэсэг хийжээ.
Усаа хэмнэх, нөөцлөх асуудал хэн нэг сайдыг огцруулахаас илүү ач холбогдолтой, хүн бүрт хүртээлтэй. УИХ уг хуулийн төслийг удахгүй батална хэмээн найдъя.
С.ТУУЛ