МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Заяабат, удирдах зөвлөлийн гишүүн Б.Цэдэн-Иш, Я.Сумъяа нар “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудалтай холбоотойгоор “Ганцхудаг”-т хоригдоод буй сэтгүүлч До.Чулуунбаатарын асуудлаар өчигдөр УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржид хандлаа. До.Чулуунбаатарыг “Ганцхудаг”-т хориод хоёр сар өнгөрч буй юм. Түүний эрүүл мэндийн байдал муу байгаа учир батлан даалтад гаргахыг сэтгүүлчид хүсэв.
МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Заяабат “МСНЭийн 60 жилийн ойгоор МСНЭ-ийн ерөнхийлөгч Т.Баасансүрэн илтгэл тавихдаа монголд хэвлэлийн эрх чөлөө хумигдаж байгааг хэлсэн. Хаана сэтг үүлчид айдас түгшүүртэй байна, тэнд хэвлэлийн эрх чөлөө үгүй байдаг. Хэвлэлийн эрх чөлөө Монголд бүрэн дүүрэн хэрэгжихгүй байгаагийн нэг жишээ нь “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч А.Баатархуягийн шүүх хуралдааныг хаалттай хийж буй явдал” гэлээ.
Ц.Шаравдорж “Өмч хувьчлалыг дагаж ирсэн 638 сая төгрөгийг төлөөгүй гэсэн шалтгаанаар До.Чулуунбаатарыг хорьжээ. Гэвч төрөөс уг хувьчлалыг нэгэнт хүчингүй болгосон тул түүнд өртэй холбоотой ялыг одоо тулгах уу, үгүй юү. Монгол Улсад хэрэг хуулийн дагуу шийдэгдэх ёстой. Энэ талаар УИХ байр сууриа УЕПГ-т удахгүй илэрхийлнэ” гэсэн байна.