УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг тойрон ярилцсан байна. Бүрэн эрхийнх нь хугацаа дуусах ойртож буй ч хэрэгжээгүй заалт мөрийн хөтөлбөрт цөөнгүй бий. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар саналаа хэлжээ. Тухайлбал, багш, сурагчдыг компьютержүүлэх амлалтыг зээл, тусламжаар санхүүжүүлэхээр тооцсон байсан гэнэ. Гэтэл ийм боломжгүй болсон байна. Үүнд шаардагдах 20 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгах замаар шийдэхээр тэд санал нэгджээ.
Мөн ажлын байр, цалин тэтгэврийг гурав дахин нэмэгдүүлэх амлалт бий. Үүнийг Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгтөө “шингээх”-ээр чармайх нь. Мэдээж “хоёр толгой”-гоос гадна стратегийн бусад 13 ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах талаар ч хөндсөн байна.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд тавьсан дүнгээ МАН-ынхан УИХ дээр танилцуулна. Мөн юу хийх хэрэгтэй талаар чиглэл, дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.