Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсов. Энэ онд 98 удаа үнэт цаасны арилжаа хийж, 37.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 61.6 сая ширхэг үнэт цаас арилжаад буй аж.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.4 тэрбум төгрөгөөр илүү юм байна. МХБ-д бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ 2.8 их наяд төгрөг болжээ. Одоогоор МХБ-д 336 компанийн 2.7 тэрбум үнэт цаас бүртгэлтэй. Үүнээс төр 51 компанийн 1.9 тэрбум ширхэг хувьцааг эзэмшиж буй гэнэ.
Мөн брокер дилерийн 49 компани бүртгэжээ. ТӨХ-ноос Лондонгийн хөрөнгийн бирж (ЛХБ)-тэй байгуулсан “Стратегийн түншлэлийн гэрээ”-ний дагуу Монгол Улсын хөрөнгийн зах зээл, МХБ-ийг хөгжүүлэх төслийн “Ажлын мастер гэрээ”-г өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан аж. МХБ-ийг олон улсын стандартаар хөгжүүлэх нь гэрээний зорилго юм байна. Манай хөрөнгийн биржийг хөгжүүлж өгснийх нь хариуд ЛХБ-ид 14.2 сая доллар төлөх учиртай.
Үүнийг эхний ээлжинд арилжааны банкнаас зээл хэлбэрээр авахыг Засгийн газар зөвшөөрсөн тул зургаан ч банктай “Хамтын санхүүжилтийн гэрээ” байгуулжээ. Ийм мэдээллийг Сангүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өгөв. Гишүүд “Эрдэнэс Тавантолгой”-н ордоос иргэн бүрт болон үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх хувьцаа тойрсон асуулт нэлээд тавьсан.
Ц.Баярсайхан: Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ач холбогдолтой орд газрын хувьцааны 10 хувийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах ёстой. Хэд нь хувьцаагаа арилжиж эхэлсэн бэ. Гаднын хөрөнгийн биржид үнэт цаасаа арилжаалдаг олон компани бий юм байна. Тэд Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа худалдаж болох уу, ямар бэрхшээл байна вэ?
Д.Баярсайхан (Санхүүгийн зохицуулах хорооны дарга): Стратегийн ач холбогдолтой 15 ордоос Багануур, Шивээ-Овоогийн хувьцааг хөрөнгийн биржээр арилжиж байгаа. Тавантолгойн хувьцааг арилжаалах бэлтгэл ажил хийж байна. Монголын ашигт малтмалын лицензэд тулгуурлан гадаадад IPO хийсэн 26 компани бий. Үүнээс хоёр нь хувьцаагаа арилжаалах санал тавьсан. МХБ-ийн техник, технологи тааруухан, дүрэм журам боловсронгуй бусаас болоод хувьцаагаа арилжихад хүндрэл гардаг. ЛХБ-тэй хамтран ажилласны дүнд эдгээр бэрхшээлийг шийдэхээр төлөвлөсөн.
Р.Буд: Оюутолгой яагаад хувьцаагаа арилжихгүй байна вэ. Тавантолгойн ордоос иргэн бүрт хүртээх 536 хувьцааны нэгжийн үнийг тогтоосон уу?
Д.Баярсайхан: Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хууль хэрэгжүүлэх шаардлагыг Оюутолгойд тавих болно. Иргэн бүрт олгох нэгж хувьцааны үнийг тогтооход хүндрэл байгаа. Ажлын хэсэг ажиллаж байгаа. ТӨХ-ноос Тавантолгойн хувьцааг энэ ондоо багтааж олон улсын зах зээлд гаргахаар тооцсон. Үүнээс өмнө хувьцааны нэгж үнийг тогтооно. Манай хөрөнгийн бирж дээр арилжаа хийж буй компани, иргэдийн 60 гаруй хувь нь гаднынхан байгаа аж. Дотооддоо хөрөнгийн бирж байсаар атал үндэсний компаниуд яагаад гадны зах зээл рүү тэмүүлээд байгааг Д.Зоригт гишүүн лавлав.
ЛХБ-тай байгуулсан гэрээний дүнд манай бирж гурван жилийн дараа Австралийнхтай дүйх хэмжээнд очих гэнэ. Дотоод хөрөнгийн зах зээлээ “голж” гадагш тэмүүлж буй компаниудыг ч татах нөхцөл бүрдэх юм байна. Манай хөрөнгийн бирж дээр АНУын нэгэн компани их хэмжээний хувьцаа эзэмшдэг аж. Гаднын гэдэг тодотгол дотор уг компани ганцаараа нэлээд жин дардаг байна.
Мөн их хэмжээний хувьцаа төвлөрүүлснээс болоод цөөхөн компани ногдол ашгаа төлдөг гэнэ. Одоогоор 12 компани 839 сая төгрөгийн ногдол ашиг тараажээ. Хэрэв Тавантолгойн ордоос иргэн бүрт эзэмшүүлэх 536 хувьцааны ногдол ашгийг өгч эхэлбэл энэ тоо 68 тэрбумд хүрэхээр тооцжээ. ЛХБ-д төлөх 14.2 сая долларыг зургаан банкнаас жилийн 6.5 хувийн хүүтэй зээл авч төлөх гэнэ.
ЛХБ-д шууд мөнгө төлөх нь алдагдалтай хэмээн гишүүд шүүмжлэв. Тэд гэрээ хийхдээ “Хэрэв танай биржийг хувьчилбал бид оролцоно” гэсэн нөхцөл тавьсан аж. Гэхдээ УИХ-аас гаргасан тогтоолд МХБ-ийг хөгжүүлэхийг л тусгаснаас хувьчлалыг хойш тавьсан.
Тиймээс тэд гэрээний нөхцөлөө өөрчилж, менежментийнх болгосон тухай МХБ-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Алтай хэлэв. ЛХБ-ээс танай нөхцөлийг сайжруулъя, дараа нь хувь эзэмшинэ, мөн хөнгөлөлттэй зээл өгье, дараа нь та нар хувьцаагаа зараад төл, эсвэл 100 хувь төлбөрөө төлөх гэсэн гурван санал тавьсан аж. Манайд гурав дахь санал тохирсон гэнэ.
С.Туул