Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Д.Лүндээжанцан, Л.Болд нарын санаачилсан Сонгуулийн тухай хуулийг Байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг нэгтгэн боловсруулж, шинэчилсэн найруулгын төсөл болгосон юм. УИХ дахь намын бүлгүүд сонгуулийн тогтолцоог холимог байхаар тохирсон ч үүн дээр пропорциональ, мажоритарын харьцаан дээр саналаа нэгтгээгүй байгаа.
Улс төрийн иймэрхүү асуудлаар тохиролцоор цаг их авах учир түр хойшлуулаад үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой асуудлаа хэлэлцэхээр болсон билээ. Н.Энхболд гишүүнээр ахлуулсан Ажлын хэсгээс оруулсан зарчмын зөрүүтэй 50 саналыг Байнгын хороогоор хураав. Сонгуулийн сурталчилгаанд төрийн албан хаагч болон хүүхдийг аливаа хэлбэрээр татан оролцуулахыг хориглох тухай санал дээр Д.Одхүү нэлээд эмзэглэв. Тэрбээр “Телевизэд ярилцлага өгч байтал нэг хүүхэд дэргэд ирээд зогсчихвол хөөх ёстой юу. Бас үүнээс болж нэр дэвшигч хариуцлага хүлээх болох нь. Тиймээс “зохион байгуулалттайгаар татан оролцуулбал” гэж нэмэх хэрэгтэй” гэлээ.
Сонгуулийн сурталчилгааг зохион байгуулалттайгаар л явуулах нь тодорхой, мэдээж ярилцлага өгч байхад хажууд хүүхдүүд ирж сонирхохыг тооцохгүй хэмээн Н.Энхболд гишүүн тайлбарласан. Гэхдээ тэр талаар бодолцох хэрэгтэй гэсэн агуулгаар уг саналыг дэмжинэ лээ. Хэрэв төрийн албан хаагч сурталчилгаанд оролцсон бол төрийн албанд ажиллах эрхийг нэг жилээр хасаж, ажлаас халах санал оруулж иржээ. Нэг жил гэдэг дэндүү зөөлөн байна, Засаг дарга нар сонгуульд оролцдог, Тамгын газрын дарга нар нь сонгуулийн менежер хийгээд явж байдаг. Тиймээс Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар одоо хэлэлцэж буй төсөлтэй уялдуулан хариуцлагыг чангалах хэрэгтэй хэмээн Д.Одхүү үзэв.
Эрүүгийн тухай хуульд төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцсон бол төрийн албанд ажиллах эрхийг хугацаатай, эсвэл хугацаагүйгээр хасах, эсвэл төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэх мэт заалт бий аж. “Нэг найз нь гуйгаад байхаар машинаараа хүргээд өгсөн төрийн албан хаагчийг ч хамруулж эрүүгийн хариуцлага тооцох нь. Эрүүгийн гэмт хэрэг чинь ялгаатай. Тухайн төрийн албан хаагч дээрх шиг санамсаргүй байдлаар оролцсон бол хариуцлага чангадна” хэмээн Д.Лүндээжанцан хэлсэн.
Ажлаас нь халж байгаа учир дахин орох болбол төрийн албан хаагчийн шалгалт өгөх гэх мэтээр бүхнийг эхнээс нь эхэлнэ, тиймээс хангалттай хатуу хариуцлага хэмээн Ж.Сүхбаатар тайлбарласан. Дөрвөн жилээр ажиллах эрхийг хасах саналыг Д.Одхүү оруулсан ч олонх “Нэг жил байхад хангалттай” гэж үзлээ. Төсөлд тусгаснаар нийт сонгогчийн 25 хувийн санал авсан нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцох аж. Мөн нэрийн жагсаалтаар буюу пропорциональ тогтолцоогоор сонгогдсон гишүүн нас барах, эрүүл мэндийн гэх мэт шалтгаанаар ажлаа өгөх бол түүний дараа байсан хүнийг автоматаар оронд нь оруулах юм байна.
С.ТУУЛ