Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Өмнөговь аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажил орон нутагт ямар нөлөө үзүүлж буй талаар Засаг дарга Б.Бадраагийн мэдээллийг сонссон байна. Энэ асуудлаар Засгийн газраас Тэргүүн Шадар сайдаар ахлуулсан өргөтгөсөн Ажлын хэсэг байгуулахаар болжээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос энэ талаар тодрууллаа.
-Өмнөговийг хөгжүүлэх цогц стратеги боловсруулах ажлын хэсэг байгуулсан юм байна. Энэ хүрээнд ямар ажлуудыг хийх вэ?
-Өмнө нь говийн хөгжлийн дэд бүтцийн хөтөлбөрийг Засгийн газраас баталсан байсан. Авто болон төмөр зам, цахилгааныг үүнд багтаасан юм. Одоо бүсийн хөгжил, байгаль орчин, боловсрол, эмнэлгийн асуудлыг дэд бүтцийн хөтөлбөр дээр нэмж, Ажлын хэсэг байгууллаа. Өмнөговь аймагт нэгдсэн эмнэлэг байгуулах, 175 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих асуудлыг шийдэхээр болсон. Өмнөговь аймагт томоохон бүтээн байгуулалт өрнөж байна. Гэвч ус, дэд бүтцийн шугам тавих гэх мэтэд бэрхшээл бий. Тодорхой явцуу бүлгийн эрх ашгийг тэргүүнд тавьж, бүтээн байгуулалтыг хойш татсан асуудал гарсан. Тэр хүмүүстэй хариуцлага тооцох үүрэг өгсөн.
-Бүтээн байгуулалтын ажил орон нутгийн хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд анхаарах хэрэгтэй. Өмнийн говийн хөгжлийн зөвлөлийн хүрээнд орон нутагт хэрэгжүүлэх нийгэм, соёлын арга хэмжээг эдгээр компанитайгаа хамтран хийе гэлээ. Орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд бий. Тэдний үйл ажиллагааг нээлттэй болгоё. Тухайлбал, УИХ-аар “Эрдэнэс Тавантолгой”-н асуудлыг хэд хэдэн удаа ярилаа. Тэгэхэд 2010 онд улсын хэмжээнд хамгийн их нүүрс экспортолсон, орлого олсон “Тавантолгой” ХХК орон нутгийн өмчит компанийн захирлыг хэрхэн томилдог, нүүрсээ яаж борлуулдаг тухай ямар ч мэдээлэл алга. Засгийн газар байтугай орон нутгийн иргэд ч мэдэхгүй байна. Энэ байдалдаа дүгнэлт хий, уг компани орон нутгийн иргэдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа ил тод явуулах ёстой гэдгийг сануулсан. Бүтээн байгуулалттай холбоотой ажлыг орон нутгийн төвшинд удаашруулахгүй байх чиглэл өгсөн.
-Өмнөговь аймгийн Засаг дарга тодорхой бүлэглэлүүдтэй хуйвалдаад буй талаар ярьж байсан. Хөндлөнгийн хяналтыг яаж чангатгах вэ?
-Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг ярьсан. Хэвлэлээр ч гарсан. Ашиг сонирхлын зөрчил байна. Орон нутгийн 49 хувийг төлөөлдөг хүнийг Засгийн газрын 51 хувь дээр төлөөлүүлэх явдал гарсан. Үүнийг шийдэх хэрэгтэй талаар хуралдаан дээр саналаа хэлсэн.
С.УУЛ