Н.Энхболдын ахалсан, бүрэлдэх үүнд нь МАН-ын Ж.Сүхбаатар, Су.Батболд, Ц.Мөнх-Оргил, АН-ын Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, З.Энхболд, ИЗ-НН-ын дарга Д.Энхбат нар орсон Сонгуулийн хуулийн баг энэ Парламентыг түүхэнд тод үсгээр зурж үлдээх эрхэм үүрэгтэй. 2008-2012 оны УИХ-ын төр, улс төр, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд байгуулсан Н.Энхболдын Ажлын хэсэг далайц, хүрэх үр дүнгээрээ Ж.Сүхбаатарын удирдсан Үндсэн хуулийг өөрчлөн шинэчлэх Ажлын хэсгийн дараа орно. Ийм үүрэгтэй тэд шаргуу ажиллаж байгаа бололтой.
Д.Лүндээжанцан, Л.Болд нарын тусдаа өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр эдгээр улстөрч ажиллаж, зарчмын зөрүүтэй саналуудыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлж буй. Н.Энхболдын хэлснээр бол 240-өөд санал бий. Түүнийхээ бараг 80 хувийг Байнгын хорооны хуралдаанаар оруулжээ.
Ирэх долоо хоногт багтаагаад анхны хэлэлцүүлгийг дуусгачихвал тэндээс гарсан саналуудыг эмхлэх яггүй “эд”- тэй Ажлын хэсгийнхэн зууралдана. Тэгээд нэгтгэсэн төслийг хэлэлцээд эхэлчихвэл сунжрах шалтгаан багасна хэмээн ярьж байна лээ. Өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийн есөн заалтыг гишүүд хэлэлцэж саналаа нэгтгэлээ.
Энэ есөн зүйл нь нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч нартай голдуу холбоотой. Байнгын хороогоор дэмжигдсэн заалтуудын үзэл баримтлалыг алдуулахгүйгээр баталлаа гэж бодоход нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч нар сайн дурын үндсэн дээр, цалин хөлсгүй ажиллах янзтай байгаа юм. Энэ зарчмыг гишүүд бараг 90 хувийн саналаар дэмжив.
Гэхдээ бяцхан маргаан дэгдээсэн. “Ухуулагч, шадар туслагч нарт урамшуулал, хөлс өгөх шаардлагагүй. Бодит жишээг нь би мэдэх юм. 2008 оны сонгуулиар Баянзүрх дүүргийн (түүнийг сонгосон тойрог) айлын хашаа болгонд ухуулагчийн байр ажилласан.
Хуулийн зохицуулалт байхгүй учир түүгээр далимдуулан мөнгө тараах тохиолдол их гарсан. Ц.Батбаяр гишүүн сайн мэднэ” гэсэн утгатай үгийг Ч.Сайханбилэг хэлсэн нь өрсөлдөгч асных нь чихний хажуугаар өнгөрсөнгүй. Ц.Батбаяр “Сайханбилэг хамгийн сайн хийсэн зүйлээ ярьж байна” гээд одоогийн капиталист нийгэмд хөлсгүйгээр ажилладаг хүн олдохгүй гэв. Ч.Сайханбилэг яаж зүгээр суухав.
Олны итгэлийг даана гээд УИХ-д нэр дэвшиж байгаа бол сайн дурын 50-100 хүн өөртөө ажиллуулж чаддаг байх хэрэгтэй ш тээ гэж хариу егөөдөв. Энэ нь хоёр гишүүний маргаан төдий ч ухуулагч, шадар туслагч ажиллуулах нэрээр санал худалдаж авах боломжийг бий болгодог гэдэгт Байнгын хорооны олонх гишүүн санал нэгдсэн. Нэг ухуулагч 200, шадар туслагч 500 хүртэлх сонгогчтой тулж ажиллана гэсэн төслийн заалтын төлөө 13 гишүүний 12 нь санал өглөө.
Шадар туслагч нь нэр дэвшигчийн өөрийн нь сонгосон хүн байх учир хувиараа шагнаж, урамшуулах нь тусдаа асуудал байх аж. Тэгвэл ухуулагч яах юм? Мөнгө болон материаллаг эд зүйлийг өгч, авч болохгүй байхаар хуульчлахаар явган таваргах уу.
Машинд нь бензин хийгээд өгтөл хууль зөрчлөө гээд хариуцлага хүлээлгэх үү гэсэн асуудал Байнгын хорооны гишүүдийн дунд үүсэв. Хэлэлцүүлгийн явцад үүнийг бодолцох хэрэгтэй шүү хэмээн Д.Лүндээжанцангийн сануулснаар энэ мэтийн асуудлыг сонгуулийн сурталчилгааны бус зориулалтаар мөнгө, эд зүйлийн тусламж үзүүлж болно гэсэн агуулгаар зохицуулах шийдлийг олов.
Арилжааны телевизээр нам, нэр дэвшигч төлбөртэй сурталчилгаа хийхээр бол хоногт нэг цагаас хэтрүүлэхгүй байхаар хуульчлахаар байна. Тухайн мэдээллийн хэрэгсэл нэгээс илүү сувагтай бол зөвхөн агаараар долгионоо цацдаг сувгаар сурталчилгааг нэвтрүүлэх ёстой гэж гишүүд үзлээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарчмын зөрүүтэй 240-өөд саналаас одоо 50 шахам нь үлдээд буй.
Түүнийг ирэх долоо хоногт хэлэлцүүлж дуусгахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар Ажлын хэсгийнхэнд үүрэг болголоо.
УИХ-ын хаврын чуулган ирэх сарын 1-нд завсарлана. Түүнээс өмнө хувь тэнцүүлсэн тогтолцоо давамгайлсан хуультай болох чин эрмэлзэлтэй байгаагаа Н.Энхболд манай сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа онцолжээ.