УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр ол гохыг хориглох тухай хуулийг баталлаа. Уг хуулиар 2012 оны арван хоёрдугаар сарын 31-нийг хүртэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглож буй юм. Тэр болтол шинэчлэн найруулж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг батална хэмээн тооцсон байна. Хайгуулын лицензийг хууль бусаар дамлан наймаалах, ашиг лалтын зөвшөөрөлгүй атлаа үйл ажиллагаа явуулах гэх мэтээр олон будлиан гардаг. Энэ бүхнийг цэгцлэх Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу анх уг хуулийг баталсан.
Одоо бол нэмэлт, өөрчлөлт оруулж, зөвшөөрөл олгох хугацааг сунгасан юм. Өмнө нь хайгуулын тусгай зөвшөөрөл ол гохыг хориглосон хууль баталсан ч 40 гаруй зөвшөөрөл өгсөн тухай мэдээлэл гарсан. Үнэн эсэхийг нь Д.Ганхуяг лавлав. Тэрбээр “Ашигт малтмалын салбар бохир мөнгөний уурхай болсныг хүн бүр мэдэж байгаа. Ашигт малтмалыг түүхийгээр нь татваргүй зөөдөг, хямд үнээр хилээр гаргачихаад хувааж авдаг, тогтвортой байдлын гэрээ нэрийдлээр улсыг луй варддаг, нөхөн сэргээлт хийдэггүй гэх мэт асуудлыг уг хууль цэгцэлж чадах уу” хэмээн асуусан. Хуулийн төсөл дээр Эдийн засгийн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газраас төлөөлөл орсон Ажлын хэсэг ажилласан байна.
Байнгын хорооны дарга Д.Зоригт “Хууль гарснаас хойш нэмж хайгуулын лиценз олгоогүй. Ажлын хэсгийн гишүүд тэр мэдээллийг шалгасан. Ашигт малтмалын салбарт олон асуудал байгаа. Компанийн татварын мэдээллийн ил тод байдал, хариуцлагатай холбоотой нэлээд дүн шинжилгээ хийсэн. Зөвшөөрөл аваад ажлаа хийж байгаа хүмүүс, лиценз наймаалагчдыг ялгаж салгахад шинэ хуулийн төсөл хариулт өгнө” хэмээн хариуллаа. Гишүүдийн олонхийн саналаар хуулийг батлав.
С.УУЛ