Жил бүр яамдын дунд уламжлал болон зохион байгуулагддаг “Засгийн газрын цом-2011” сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнийг Монгол улсад Сангийн яам байгуулагдсаны болон Санхүү, эдийн засгийн алба үүсэн хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд тус яамнаас зохион байгуулсан юм. Мөн энэ жил Үндэсний тусгаар тогтнолын 100 жил, төрийн таван яамд байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог бөгөөд яамдууд ч өндөр ач холбогдол өгч оролцож байна.
“Засгийн газрын цом”-ын тэмцээн 2005 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд яамдын ажилтан, албан хаагчдын хувьд хүсэн хүлээдэг томоохон үйл явдал болжээ. Тус тэмцээн жилээс жилд улам өргөжин тэлж, зохион байгуулалт улам өндөр түвшинд болж, оролцож байгаа байгууллагуудын оролцоо, идэвхи санаачлага ч улам сайжирч байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмцээний нээлтэд үеэр онцлон тэмдэглэсэн юм. Тус тэмцээнд 11 яам болон Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их хурлын тамгын газар гээд нийт 14 байгууллагын 300 гаран тамирчид гурван өдрийн турш хурд хүч авхаалж самбаагаа сорин уралдлаа.
“Засгийн газрын цом-2011”-ын тэргүүн байранд Сангийн яамны эрэгтэй баг тамирчид, ЭБЭХЯ-ны эмэгтэй баг тамирчид тодорч, удаах байранд ХХААХҮЯ-ны эрэгтэй баг тамирчид, НХХЯ-ны эмэгтэй баг тамирчид , гуравдугаар байранд УИХ-ын Тамгын газрын эрэгтэй баг тамирчид, Сангийн яамны эмэгтэй баг тамирчид тодорч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм. Ингээд багийн нийлбэр оноогоор Сангийн яам тэргүүлж “Засгийн газрын цом-2011”-ын эзэн болж, цул зэсээр урласан шилжин явах цомыг гардан авсан юм. Ийнхүү Сангийн яам Засгийн газрын цомын аваргаа дахин бататгаж, тасралтгүй гурван удаа ялагчаар тодорсон амжилтыг үзүүллээ.