Сонгуулийн хуулийн Ажлын хэсгийнхэн ингэж үзжээ. Тэд ийм санал оруулсныг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн. АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд тус намаас УИХ-ын Ажлын хэсэгт орсон гишүүд нь мэдээлэл хийжээ. Одоогийн хуулиар нэр дэвшигчдэд телевизийн эфирийн цагийн 10 хувь буюу хоёр цаг сурталчилгаагаа явуулах эрх өгдөг аж. Үүнийг нэг цаг болгон багасгах нь зүйтэй хэмээн Ажлын хэсэг үзсэн юм байна.
АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг “Сонин хэвлэлд сурталчилгааг хуудас заан хязгаарладаг. Үүнтэй адилаар телевизийн эфирийн цагт дээд хязгаар тавьж байгаа юм. Тэгэхгүй бол улс төрөөр “нүдсэн” мэдээллээс иргэд залхана. Тэд бас өөр зүйл үзэхийг хүснэ шүү дээ” гэлээ. Чуулганаар үүнийг эцэслэх юм. АН-ынхан мөн 2010 оны төсвийн гүйцэтгэл, үндсэн чиглэл, 2012 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар Сангийн сайдаас мэдээлэл сонсчээ. Ингээд зургаан чиглэлээр саналаа өгсөн байна.
Нефть бүтээгдэхүүний хомсдолыг шийдэхийн тулд эх орондоо яаралтай боловсруулах үйлдвэр байгуул гэжээ. Засгийн газраас Дорнодын Тамсаг, Дорноговийн Зүүнбаянд нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж буй. Үүнийг хэтэрхий удаан байна, ажлаа түргэсгэ гэсэн аж. Үйлдвэр барихад 100 орчим сая долларын хөрөнгө хэрэгтэй гэсэн тооцоо бий гэнэ. Мөн төмөр зам барих, ТЭЗҮ-г нь хийх, сонгуулиас өмнө иргэдийг цахим үнэмлэхтэй болгох ажлаа яаравчлахыг чиглэл болгожээ. Иргэдийн 10 хурууны хээг авч бүртгэх цахим үнэмлэхийг нэвтрүүлбэл сонгуулийн үеэр гардаг маргаан, будлианыг цэгцэлж чадна гэж үзэж буй юм. Түүнчлэн хилийн боомтын захиргааг нэгтгэхэд санаа тавь гэсэн байна. Төсөвтэй холбоотой асуудлаар АН-аас таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг саналыг боловсруулаад оруулж ирэх үүрэг хүлээсэн байна.
Эх орны хишгийн нэг сая төгрөгийг бэлэн бусаар яаралтай олгохыг сануулав
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар мөн л 2010 оны төсвийн гүйцэтгэл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, 2012 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцсэн байна. Сонгууль хаяанд ирж, хамтарсан Засгийн газарт дүн тавих цаг ойртож буйг МАН-ынхан сануулжээ. Тэд мөрийн хөтөлбөрт амласан ч хэрэгжээгүй заалтуудаа яаралтай ажил болгохыг Засгийн газарт чиглэл болгосон аж.
Эх орны хишиг 1.5 сая төгрөг олгох амлалт нь хангалтгүй яваа. Үүний 500.000 төгрөгийг бэлнээр сар бүр хуваан тарааж буй. Үлдсэнийг нь иргэдийн сонголтоор орон сууцны зээлийн төлбөр, эрүүл мэнд, боловсролын даатгал гэх мэтэд өгөх ёстой. Энэ бүхнээ яаравчил гэжээ. Мөн эмэгтэй 55, эрэгтэй 60 наснаас дээш тэтгэвэрт гардаг хуультай. Тиймээс 55-60 насныханд дээрх нэг сая төгрөгийг бэлнээр авах боломж олгох ёстой гэж МАН үзэж байна. Банкин дахь малчдын болон тэтгэврийн зэрэг зээлийг ч өнөөх нэг сая төгрөгөөсөө төлөх сонголт байх нь. Эдгээр сонголтыг олгож, яаралтай бэлэн бусаар амласан мөнгөө олгоход санаа тавь хэмээн тэд Засгийн газрыг шахсан байна.
Мөрийн хөтөлбөрт тусгасан бас нэг амлалт бол стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордоос иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх. Эхний ээлжинд Тавантолгойн ордын 10 хувийг буюу иргэн бүрт 536 ширхэг хувьцаа олгохоор Засгийн газар ажиллаж буй юм. 50 хувиас бага биелсэн заалтуудаа нэг бүрчлэн гарга хэмээн МАН-ынхан шавдуулсан байна. Тэдний хэлэлцсэн бас нэг асуудал нь нефть бүтээгдэхүүний хангамжийн талаар байжээ. Өчигдрөөс ШТС-уудад 20.000 хүртэл литр дизель түлш олгосон, нийтийн тээвэр, төмөр замын үйл ажиллагаа жигдэрч байгаа гэсэн мэдээллийг тэдэнд өгчээ. МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан “Гэхдээ хангалттай хэмжээнд очоогүй байна. Орон нутгаар ажиллаад ирлээ. Сумдад нэг литр дизель түлшийг 3000 төгрөг хүргэн шаглаж байна” гэлээ.
С.ТУУЛ