Монгол Улсын Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хасан Рабехи, Бүгд Найрамдах Исланд Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай К.А.Арнадоттир, Бүгд Найрамдах Сингапур Улсаас суух Элчин сайд Петер Тан Хай Чуан-Тай, Бүгд Найрамдах Литва Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Сайд Лина, Арабын Нэгдсэн Эмират Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Омар Ахмад Ади Насиб Аль-Битар өчигдөр бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ерөнхийлөгч хэлэхдээ Монгол, Алжир улсын хооронд дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй болон байгаль орчны салбарт хамтран ажиллах, Исланд улстай худалдаа, эдийн засгийн хэлхээ холбоог өргөтгөх тус оронд Монголын оюутнуудыг сургах хүсэлтэй байна гэв. Сингапуртай төрийн албыг боловсронгуй болгох, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологи болон хөрөнгө, санхүүгийн зах зээлийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэв.
Зүүн өмнөд Азийн нөлөө бүхий орны хувьд АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн Дээд хэмжээний уулзалтад оролцох Монгол Улсын эрмэлзлийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч илэрхийллээ. Элчин сайд Сайд Лина хөдөө аж ахуй, ялангуяа эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, технологийн салбарт хамтран ажиллах боломжтойг онцолсон бол, Монгол Улс эртний түүхтэй, баялаг соёл уламжлалтай орон. Бид танай орны ирээдүйг өөдрөгөөр харж байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг байж болох дээд төвшинд хүргэхээр ажиллана хэмээн АНЭУ-ын Элчин сайд, ноён АльБитар хэлэв.